/2022.08.04/ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорин хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Жаргалатын аманд байрлах түүх, соёлын дурсгалт олдворуудыг хамгаалах асуудлаар газар дээр нь ажиллажээ.
Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдож байсан Хүннүгийн хаадын булшнууд нь Монголын түүхэнд хамгийн үнэт олдворуудын нэг юм. Их бие нь 47 метр, бунхан руу орох үүд нь 38 метрийн урттай язгууртны энэ булш нь Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын тал дахь “Гол мод” хэмээх газарт буй үндсэн ба дагуул нийлсэн 200 гаруй булшнуудын зүүн хойно байрладаг аж. Энэ булш нь харьцангуй хадгалалт сайтай, тоногдоогүй бөгөөд малтлага хийхэд 4.8 метр гүнээс булш илэрснийг Улаанбаатар их сургуулийн тэнхимийн эрхлэгч, археологич, доктор Д.Эрдэнэбаатар онцлон тэмдэглэв.
Тухайлбал, тэрэгний дугуй, үүлэн хээтэй тэвшний чимэглэл, тахилын 15 адуу, аман болон хатан хүзүү, туурайны зарим хэсгийн хамт бүгдийг нь хоёр эгнээ болгоод хойд зүг хандуулан тавьсан. Эдгээр олдвор хэрэглэгдэхүүн бол Хүннү язгууртны булшинд элбэг тохиолддог байна. Адуугаар тахилга үйлдэн, бунхан дотор адууны эд хэрэгсэл дагуулж, үнэ цэнэтэй эд хэрэглэл, алт, мөнгөн чимэглэл бүхий сүйх тэргүүдийг жиргэн хийсэн. Язгууртны авсыг хөөмөл хээ, чулуун шигтгээ бүхий алтан ялтсаар ханалан чимсэн нь “хадан гэр”-ийг зэхэж оршоодог эртний уламжлалтай холбоотойг онцлов. “Гол мод-2”-ын нэгдүгээр булшнаас гарсан шилэн аяга цаг хугацааг тогтооход онцгой ач холбогдолтой байсан. Шилээр урлах арга нь МЭ I зууны хоёрдугаар хагаст хамаарах, эртний Грекээс Ромд уламжилсан соёл байдаг. Хүннүгийн булш тэр үед буюу МЭ 80-100 оны үеийнх гэж таамагласан. Ийм аяга Евроазийн археологийн түүхэнд тун ховор олдог. Хүннүгийн булшнуудтай бүтэц, зан үйл, тахилгын хувьд ялгаа байхгүй ч агуулж байгаа эд олдвор, түүний урлахуй болон үнэ цэнээрээ ялгаатай байна. Шаньюгийн шарилаас зөвхөн гавлын ясны хэлтэрхий, дунд чөмөгний яс үлдсэнийг олсон. Энэ олдворын антропологийн ач холбогдлыг үнэлж баршгүй. Хүннүгийн антропологийн 100-аад олдвор байдаг ч хаан язгууртных тэр бүр олдож байгаагүй. Монгол нутагт хүрэл зэвсгийн эрт болон дунд үед амьдарч байсан овог аймгийн соёлын дурсгалыг шинээр олж нээсэн нь манай орны хүрэл зэвсгийн үеийн түүхийн судалгааны он цагийг урьд өмнөх үр дүнгээс даруй 2500-3000 жилээр урагшлуулахаар байгааг онцлон тэмдэглэв.
УИХ-ын дарга болон Ажлын хэсгийн гишүүд дараа нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Жаргалантын аманд очиж, Монголын түүхийн хосгүй дурсгалт газруудын нэг, үндэсний соёлын үнэт өв болсон Буган чулуун хөшөө, хиргисүүрийн байгууламжтай танилцсан.
Монгол Улсад төдийгүй Төв Азийн хамгийн том Буган чулуун хөшөөт тахилгын газар болохыг олон жилийн судалгааны явцад тогтоосон байна. Жаргалантын аманд олон тооны Буган чулуун хөшөө, түүнийг тойрсон хоёр төрлийн 1400 орчим тахилгын байгууламж, мөн дурсгалт газрын хойд хэсгээр цөөхөн хэдэн дөрвөлжин хэлбэртэй тахилгын байгууламж, хиргисүүр зэрэг дурсгалууд байрласан. Буган чулуун хөшөө, хиргисүүрийн тахилгын зан үйлд дараагийн ертөнцөд очиж байгаа хүнтэй хамтад нь ихэвчлэн адууг оршуулдаг байсан. Уг хиргисүүр хоёр талд байдаг. Нэг талд нь гэхэд 2600 гаруй адууг тахисан байна. Буган хөшөөдийн дүрслэл нь нарийн хийцтэй, утга агуулга тодорхой илэрхийлсэн. Тухайлбал, буга, согоо, бар зэрэг ан амьтдын дүрслэл, элдэв хээ чимэг бүхий бүс, түүнээс агссан хутга, нум сум тэргүүтэй олон төрлийн зэр зэвсгийн зүйлийг дүрсэлсэн байна. Түүнчлэн хэмжээний хувьд 1-4 метр орчим өндөртэй, ойролцоогоор 0,5-4 тонн хүртэл жинтэй байдаг хэмээн археологич, доктор Д.Эрдэнэбаатар тайлбарлаж байлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Хүннүгийн үес хэдэн мянган жилээр хадгалагдан ирсэн түүхийн үнэт олдворууд нь Монгол Улсын түүхийн хосгүй үнэт өв, соёл. Археологийн үнэт олдвор бүхий газруудыг улсын тусгай хэрэгцээнд авах нь нэн чухал гэдгийг илэрхийлэв. “Үндсэн хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд түүх, соёлын үнэт цогцолбор, хөшөө дурсгал, археологи, палеонтологийн олдворууд төрийн нийтийн зориулалттай өмч гэж заасан. Түүх, соёл, археологийн үнэт олдворуудыг Улсын Их Хурлаас холбогдох шийдвэр гаргаж ашиглах, захиран зарцуулах эрх нь нээгдэг. Иймд төр засгаас он цагийн түүхийн их өв соёлоор дамжуулан дотоод, гадаадын аялал жуулчлалыг хөгжүүлэх, бодлогоор дэмжих нь чухал ач холдогдолтой байгааг онцлон тэмдэглэв.
Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс үнэт өв, соёл, түүх болсон дурсгалт хөшөө, газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авч шинжлэх ухаан, археологи, палеонтологийн олдворуудад онцгой анхаарч хадгалах, хамгаалах тал дээр жил бүр улсын төсөвт тодорхой хөрөнгийг тусгах талаар санал нэгтэй байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг язгууртны булштай, археологийн үнэт олдвортой, Хүннүгийн хаадын түүхийн үнэт олдворыг орон нутагт өгөөжтэй байлгахад хамгийн чухал асуудал нь эдийн засгын эргэлтэд оруулах явдал гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, түүх дурсгалын үнэт өв болсон газар нутаг, хөшөө дурсгал, олдворуудыг хадгалж, хамгаалах нь нэн чухал. Үүгээр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд бүтээн байгуулалт хийх нь онцгой ач холбогдолтой юм.
Эх сурвалж: parliament.mn