/2022.07.26/: Бямба гарагт эхэлсэн аадар борооны улмаас үер бууж, дэд бүтцэд хохирол учруулж, дор хаяж 15 хүн амиа алдсан тул Пакистаны хамгийн том хот Карачи хотын төрийн үйлчилгээг түр зогсоож, аж ахуйн нэгжүүдийг түр хугацаанд үүдээ барихыг уриалж байна.
Ням гарагийн шөнө Карачи хотод 60 миллиметр гаруй бороо орсон нь хэдхэн цагийн дотор бүхэл бүтэн сарын хур тунадас орсонтой тэнцэж байна.
Өмнө нь хэдийд бороо орох талаар төсөөлөлтэй байдаг байсан хэдий ч сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаг уурын хэв маягийг хурдасгаж байна гэж шинжээчид үзэж байна.
Ням гарагт Пакистаны Уур амьсгалын өөрчлөлтийн сайд Шерри Рехман 14 гаруй хот, тосгоны оршин суугчдыг үерийн аюулаас сэрэмжлүүлэв.
Өнгөрсөн сард борооны улирал эхэлснээс хойш Пакистан даяар хүчтэй аадар бороо орсны улмаас 300 гаруй хүн амиа алдсан гэж тус улсын Гамшгаас хамгаалах үндэсний газраас мэдээллээ.
Синд мужийн төв Карачи хотод бараг 16 сая хүн амьдардаг бөгөөд бүх хороолол хэсэгчлэн усанд автсан байна.
Гэрэл зургуудаас хүмүүс үерийн усанд өвдөг хүртлээ шаварлаг усанд умбаж, машин техникүүд нь үерийн улмаас гацсан байдалтай байгааг харуулжээ.
Гүүр, хурдны зам зэрэг дэд бүтэц эвдэрч, замын хөдөлгөөнийг саатуулсан байна. Олон айл, албан байгууллагууд цахилгаан тасарсан тохиолдолд ашиглахаар генераторынхоо түлшийг нөөцөлсөн байна.
Карачи дахь уур амьсгалын өөрчлөлтийг судлаач Афиа Салам "Уур амьсгалын өөрчлөлт бидэнд аюул заналхийлж байна. Бид далайн эргийн хот. Цаг уурын өөрчлөлт маш хурдан болж байгаа бөгөөд бид бүх хүнд хэцүүг үүрэх болно" гэв.
Эх сурвалж: CNN