/2022.06.27/: Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр есөн чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 83.3 хувьтай биелжээ.
Гарааш чөлөөлөх ажлуудыг эрчимжүүлж, тохижилтын ажил хийх хүрээнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс хойш буюу 14 хоногийн хугацаанд есөн байршилд 263 гарааш нэмж чөлөөлөв.
Ингэснээр нийт 117 байршилд 3045 гарааш чөлөөлж, энэ ажил 62.7 хувийн гүйцэтгэлтэй байна. Хот тохижилтын газар гарааш чөлөөлсөн дөрвөн байршилд тохижилтын ажлыг эхлүүлжээ.
Дугуй цагааны тохижилтын ажил эхэлсэн бөгөөд Хотын дарга иргэдийн санал хүсэлтийг харгалзан, жишээ нь замыг хүүхдийн тэрэг явахад тохиромжтой байдлаар тохижуулах хэрэгтэйг хэлж байлаа.
Нийтийн эзэмшлийн гудамж болон гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлын явцын талаар Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг “Нийслэлийн Засаг даргаас 10 захирамж эрх шилжиж ирсэн. Гүйцэтгэл 50 орчим хувьтай байна. Гарааш чөлөөлсөн 70 байршилд зураг хийж байгаа. Үүнээс 47 байршлаас 17 байршилд зогсоол, үлдсэн 30-д зураг хийж, дөрвөн байршилд тохижилтын ажил хийгээд дуусаж байна. 11 байршлын тохижилтын ажил хийхэд бэлэн болж байгаа” хэмээн ярив.
Зам, талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн усалгаа зэрэг чиг үүргийн ажлууд хэвийн үргэлжилж байгаа аж. Мөн барилгын материалын үнэ өсөж байгаатай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсэж байгааг хэлж байлаа. Хотын дарга дүүргийн Засаг дарга нарыг энэ ажилд уялдаатай, хамтран ажиллах хэрэгтэйг сануулж байв.
Эх сурвалж: НЗДТГ