/2022.06.27/ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос барилгын талбайд кран унасан ослын талаар болон цаашид урьдчилан сэргийлэх асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.
МҮЭХ-ны ерөнхийлөгч Э.Эрдэнэбат:
-Өнгөрсөн долоо хоногт 5 залуу нас барлаа. Барилгын компанийн эзэд үүнд хариуцлага хүлээх ёстой. Томоохон барилга бүрийн ард дандаа улс төр, хууль хүчний байгууллагынхан байдаг соёл тогтсоноос болж эд хөдөлмөрлөх насны 5 залуу нас барлаа. Ослын дүгнэлт дээр МҮЭХ-ноос очиж ажилласан. Гэвч "МХЕГ, Цагдаагийн байгууллага ажиллаж байгаа" гэдэг шалтгаанаар оруулаагүй.
Урьдчилсан байдлаар дүгнэлт гарсан байна. Үндсэндээ краны буруу гэдэг дүгнэлт л гарсан байна. Томоохон барилгын компаниуд "манайх буруугүй" гэсэн байдлаар л асуудалд хандахыг нэгдүгээрт тавьж байна.
Тиймээс МУ-ын ЗГ, УИХ-ыг яаралтай горимоор хуралдаж, эрсдэлтэй барилгуудын нөхцөл байдлыг шалгаж, онцгой байдал зарла гэж хэлмээр байна. МХЕГ барилга бүрийг хянаж шалган, цагдаагийн өргөтгөсөн хүчээр өглөө бүр аюулгүй байдлыг нь шалгах хэрэгтэй. Онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд нэн даруй барилгын ажлыг нь зогсоож эрсдэлийг нь арилгуулах арга хэмжээ авах ёстой" гэлээ.