/2022.06.23/ ХНХЯ-ны гадна өрх толгойлсон гурван хүүхдийн ээж өлсгөлөн зарлаж байгаа талаараа мэдээлэл өглөө. Түүний 14-н настай охин хүнс эмийн аюулгүй байдал алдагдсанаас үүдэн эмчилгээгүй цусны өвчин буюу "Васкулит Системийн өвчин"-тэй болсон гэлээ.
Өлсгөлөн зарлаж буй ээж Г.Байгаль:
-"Миний хүүхэд 10 мянгад 20 тохиолдох төрлийн Системийн өвчтэй. 2018 онд оношлогдоод цар тахлын үед эрчимтэй сэтэрсэн. Тиймээс би ажлаасаа гарч гурван жил хүүхдээ асарч байна. Ковидын дараагаас өвчин нь улам хүндэрч эд эрхтэндээ нөлөөлж эхэлсэн. Үүний улмаас 10 орчим удаа эмнэлэгт хэвтсэн байна. Тиймээс би төр засгаас ийм асуудалтай хүнд ямар үйлчилгээ үзүүлдэг юм бэ, намайг дэмжих боломж байна уу гэхэд үнэхээр тийм төрлийн үйлчилгээ байдаггүй юм байна. Хүүхэд гэр бүл хөгжлийн газар руу очиход "хуралтай байна, ажил тараад уулзана" гэж хэлсэн. Гэвч дарга нь явчихсан байна. Утас руу нь залгаад аваагүй. Тиймээс би тэр өдрөө гадаа нь хоносон.
Хэрэв биднийг орон байраар хангачихвал би хүүхдээ даарч, хөрүүлэхгүй асраад явж чадна. Манайх гэрт амьдардаг. Бороо орж үер орж ирэхээр өвчин нь сэдэрчихдэг. Айлд орхихоор хооллолтын дэгийг нь алдагдуулчихдаг. Тиймээс надад туслаач гэж төрийн бүх шатны байгууллагад хандсан.
Гэрт очоод идэх хоол унд байхгүй тул би хаана ч өлссөн ялгаа байхгүй. Үр хүүхдийнхээ төлөө тамираа тасартал явна. Надад байх газар байхгүй. Би 23, 14, 6 насны 3 хүүхэдтэй. Том хүү маань ажил хийж заримдаа эм тарианд нэмэр болдог. Одоо миний бага хоёр хүүхэд айлд байгаа. Би үр дүнд хүртлээ энд хонож өлсгөлөн зарлана" гэлээ.
Тэрээр дараах шаардлагуудыг тавьж байгаа гэсэн юм. Тодруулбал,
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эхэд сар бүр олгодог 188 мянган төгрөгийн тэтгэмжид хамруулах
- Амьдрах орон байраар хангах