/2022.06.21/: 1950-аад оноос Монгол Улсад Уламжлалт анагаах ухааны салбарыг шинжлэх ухааны үнэслэлтэйгээр хөгжүүлэх болсон.
Өнөөдөр улсын хэмжээнд уламжлалт анагаах ухааны 8 эмийн үйлдвэр, 11 сургууль, 200 орчим эмнэлэг, амбулатори, 1100 орчим эмч мэргэжилтэн ажиллаж байна. Дэлхийн 15 оронд Монголын уламжлалт анагаах ухааны 200 гаруй эмч мэргэжилтэн ажилладаг.
Өнөөдрийг хүртэл уламжлалтын салбарынхан бие даасан байдлаар тус тусдаа үйл ажиллагаа явуулж ирсэн бол цаашид хамтрах санаачилга гаргаж, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлохоор өнөөдрийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
2005 онд дэлхийн эрүүл мэндийн байгууллага алсын хараагаа тодорхойлохдоо уламжлалт анагаах ухааныг судалгааны том салбар гэж нэрлэсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн 120 орон уламжлалт анагаах ухааны бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна.
2050 он гэхэд УАУ-ны салбарын зах зээл 5 триллион долларт хүрнэ гэсэн судалгаа гарчээ. Тиймээс энэ том зах зээлийн оролцогч, ашиг хүртэгч байхын тулд салбарын эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүд хамтрах шаардлагатай болж байгаа юм. Тиймээс энэ хүрээнд
- Эрх зүйн орчноо бүрдүүлэх
- Стратеги төлөвлөлт, менежментээ сайжруулах
- Хүний нөөцийг бэхжүүлэх
- Эмийн чанар аюулгүй байдлыг хангах
- Шинжлэх, ухаан инновацыг УАУ-ны салбарт нэвтрүүлэх зэрэг асуудлыг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Уламжлалт анагаах ухааны салбарын өнөөгин байдал, хэтийн төлөв зөвлөлдөх уулзалтад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын төлөөллөөс гадна 21 аймгаас эмч нар ирсэн байна. Мөн цахимаар 100 гаруй байгууллагын төлөөлөл оролцож мэдээлэл, санал солилцож байна.
Эх сурвалж: БШУЯ