Донецкт сураггүй алга болсон америкчууд:
Александр Жон-Роберт Друеке, Энди Тай Нгок Хуйнх нар баасан гарагт Бүгд Найрамдах Донецк Ард Улсын цагдан хорих төвд Оросын RT сувагт ярилцлага өгчээ. Орос улс цаазаар авах ялыг түдгэлзүүлсэн бол Донецк ялтнуудыг цаазлахдаа бууддаг гэж Оросын төрийн мэдээллийн РИА Новости агентлаг мэдээллээ.
Орос улс Метелкин хотыг эзлэн авлаа:
Оросын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий Северодонецк хотын зүүн хэсэгт орших Метелкин хотыг эзлэн авсан гэж Луганскийн бүсийн цэргийн захиргааны дарга Сергей Хейдей мэдэгдэв. Хотын төлөөх тулаан үргэлжилж байгаа тул Оросын арми Украины байрлалыг онилохын тулд их буу, агаарын цохилтоо эрчимжүүлсэн гэж тэрээр нэмж хэлэв. Северодонецк нь Украины зүүн хэсэгт орших аж үйлдвэрийн томоохон бүс болох Донбассын зүрхэнд оршдог нэн чухал хот юм.
Үр тарианы хориг нь "жинхэнэ дайны гэмт хэрэг" гэж ЕХ-ны тэргүүн мэдэгдэв:
Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррелл хэлэхдээ, Орос Украины үр тарианы экспортыг хааж буйг "жинхэнэ дайны гэмт хэрэг" гэж нэрлээд, тус эвслийн Орост тавьсан хориг арга хэмжээ нь дэлхийн хүнсний хямрал болоход ямарч нөлөө үзүүлээгүй гэдгийг онцоллоо. НҮБ-ын мэдээлснээр "Украинд хийж буй Оросын дайн дэлхийн хүнсний хангамж, үнэд сөргөөр нөлөөлсөн тул 49 сая хүнийг өлсгөлөн эсвэл өлсгөлөнтэй төстэй нөхцөл байдалд оруулж болзошгүй юм" гэжээ.
Кремль Литвийн хоригийг "хууль бус" гэж мэдэгдэв:
Литва ОХУ руу орох болон гарах бараа материалыг өөрийн нутгаар дамжин өнг нэвтрүүлэхийг хориглосон нь урьд өмнө хэзээ ч байгаагүй зүйл бөгөөд Орос үүнийг "хууль бус" гэж үзэж байна гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв. Литвийн төмөр замын төрийн өмчит компани зургаадугаар сарын 18-ны шөнө дундаас эхлэн ЕХ-ны хоригт хамрагдсан ачааг тээвэрлэсэн галт тэргийг цаашид нэвтрүүлэхгүй болохыг ОХУ-д мэдэгдсэн гэж Калининград мужийн захирагч Антон Алиханов өөрийн телеграм сувагтаа мэдэгдэв. Алихановын хэлснээр хориотой барааны жагсаалтад барилгын материал, цемент, металл орсон байна.
Теннисчин иргэншлээ сольжээ:
Орос гаралтай теннисчин Натела Дзаламидзе Украиныг эзлэн түрэмгийлсний дараа Оросын бүх тамирчдад тавьсан Уимблдоны тэмцээнд хориг тавихаас зайлсхийхийн тулд иргэншлээ Гүрж болгон сольжээ. Дэлхийн чансааны 43-т бичигддэг тэрээр WTA вэб сайтад албан ёсоор Гүрж улсын харьяат гэж бичигдсэн байна.
Эх сурвалж: CNN