/2022.06.17/: Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамж гарч, Дархан цаазат Богдхан уулын амд байрлах Дугуй цагаан орчмын зөвшөөрөлгүй, эвдэрч гэмтсэн байгууламжуудыг буулгасан.
Газрын тухай хуулийн дагуу тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Гэвч газар эзэмшигч “Энигма” ХХК нь зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулж, газрын төлбөрөө төлөөгүй тул зөвшөөрлийг цуцалж, олон жилийн өмнө барьсан 49 шавар гэрийг буулгасан.
Чөлөөлсөн талбайд иргэдийн ая тухтай амарч зугаалах, ногоон байгууламж бүхий орчинг бүрдүүлж, тохижуулахаар төлөвлөсөн билээ. Тэгвэл өнөөдөр тус газарт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан, бүтээн байгуулалт хийх “Creative 100” хотыг бүтээлчээр сайжруулах залуучуудын хөдөлгөөний гишүүд ажиллан, хэрхэн тохижуулах талаар мэдээлэл өглөө. Тохижилтын ажлыг наймдугаар сард багтаан дуусгахаар төлөвлөжээ.
Д.СУМЪЯАБАЗАР: ТОХИЖИЛТЫГ БАЙГАЛЬТАЙ УЯЛДУУЛЖ ХИЙХ ХЭРЭГТЭЙ
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 23-нд Дугуй цагаан болон Туул голын эрэг орчмын тохижилттой танилцахад иргэд чөлөөт цагаа өнгөрөөх ая тухтай, ногоон байгуулж бүхий амралт зугаалгын орчин байгуулах хүсэлт маш их тавьж байсан. Энэ үеэр “Энигма” компанийн удирдлага, төлөөлөлтэй уулзаж аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах, орчны тохижилтод анхаарах зэрэг шаардлага тавьж, тохижилтын ажилд нийслэлийн зүгээс хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Тухайн үед “Ковид-19” цар тахал, эдийн засгийн байдал, ачаа тээвэрлэлтийн удаашрал зэргээс үүдэлтэй хүндрэл үүссэнийг ойлгож байгаа. Нэгэнт хөрөнгө мөнгөө зарцуулж, барилга байгууламжаа барьчихсан хувийн хэвшилтэй аль болох ойлголцож ажиллахыг хичээж байна. Хувийн өмч гэдэг бол хуулиар хамгаалагдсан зүйл учраас гомдол гарч байгаа боловч нөгөө талаас ард иргэдийн хүсэлтийг сонсож, түүнд үндэслэн асуудлыг шийдвэрлэх нь чухал. Нийслэлийн хувьд хуульд заасан зүйл заалт, үндэслэлийн дагуу тусгай хамгаалалттай газар нутгийг чөлөөлж, иргэдэд зориулан тохижуулах гэж байна. Иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, эрүүл, аюулгүй, ая тухтай орчныг бүрдүүлэх ёстой байршилд зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулж, барилга барьж болохгүй. Төр, хувийн хэвшлийн хүрээнд хотын захиргаа болон аж ахуй нэгжүүд нэг ширээнд сууж ирсэн. Цаашдаа ч мөн нийслэлийн зүгээс бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, засаж сайжруулах зүйл дээр хувийн хэвшилтэй хамтран ажиллана хэмээлээ.
Энэ үеэр “Энигма” ХХК, МҮИС-ийн захирал Л.Мөнхбат тус газарт эрдэм шинжилгээ, судалгааны аялал жуулчлалын зориулалтаар ашиглах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Хотын дарга “Ногоон байгууламж бүхий тохижилтыг байгальтай уялдуулж хийх хэрэгтэй. Та бүхнийг сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний агро парк, аялал жуулчлал хөгжүүлэх төв байгуулна гэж ойлгосон. Экологийн тэнцвэрт байдлыг хангасан байдлаар тохижилтоо хийгээрэй. Эдгээр тохижилттой уялдаж ажиллахад хот болон хувийн хэвшлийн хооронд ямар нэгэн үл ойлголцол, зөрчил гарахгүй. Эцсийн бүлэгт хот, аж ахуйн нэгжүүд иргэдийн ая тухтай байх эрхийг хангахад сэтгэл гаргаж ажиллавал өөр хүсэх зүйл алга” гэв.
ДУГУЙ ЦАГААНД ЭКО ЗАДГАЙ ТЕАТР БАЙГУУЛНА
Дугуй цагаан орчмын чөлөөлсөн талбайд иргэдийн ая тухтай амарч зугаалах, ногоон байгууламж бүхий орчинг бүрдүүлэх тохижилтын ажлын талаар “Creative 100” хотыг бүтээлчээр сайжруулах залуучуудын хөдөлгөөний гишүүд танилцууллаа. Тус хөдөлгөөний гишүүн, архитектор Ү.Идэрхангай “2019 оноос Улаанбаатар хотын орон зайг бүтээлчээр сайжруулах зарчимд тулгуурлан залуучууд өөрсдийн санаачилгаар нөлөөллийн хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн. Цар тахлын үед хоёр жил завсарлан, 2022 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тухайн хөдөлгөөний талаар нийслэлд танилцуулахад Дугуй цагаан орчмын тохижилтын ажилд хамтарч ажиллах санал тавьсан юм.
Бид долоо хоногийн турш олон нийтээс судалгаа авсан. Судалгааны үр дүнд суурилж, өмнө нь гарсан байсан зураг төслийг нэмж сайжруулсан. Дархан цаазат газрын угтах хэсгийн байгууламжид харуулын байр, нийтийн ариун цэврийн өрөө, мөн гудамжны хоолоор үйлчлүүлэх боломжтой талбайг төлөвлөсөн. Хуулиар Дархан цаазат газарт барилга байгууламж, ариун цэврийн өрөө барих боломжгүй учир үүдний хэсэгт эдгээр байгууламжийг төлөвлөлөө. Мөн усны урсгалын голдирлыг хадгалсан гүүрэн байгууламж, хоёр тоглоомын талбай байгуулна. Эдгээр тоглоомын талбайг байгалийн модон хийцтэй байхаар төлөвлөсөн бөгөөд тухлах саравч, амрах талбай зэргийг мөн байгуулна. Түүнчлэн уулын замд таван амралтын өртөө байгаа. Дугуй цагаанд залуучуудад зориулсан цэвэр модоор хийсэн, эко задгай театр төлөвлөсөн. Ингэхдээ экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, дан байгалийн модоор хийнэ” гэсэн юм.
Эх сурвалж: НЗДТГ