/2022.06.17/: Шри Ланк улс Энэтхэгийн засгийн газраас шатахууны 500 сая долларын зээлийн шинэ шугамыг батлахыг хүлээж байгаа тул одоохондоо шатахууны тав хоногийн л нөөцтэй байна гэлээ.
22 сая хүн амтай тус улс гадаад валютын нөөц нь түүхэн доод хэмжээнд хүртэл буурч, хоол хүнс, эм тариа, шатахуун зэрэг зайлшгүй шаардлагатай импортыг төлөх долларгүй болж, сүүлийн 70 жилийн хугацаанд хамгийн том санхүүгийн хямралд нэрвэгдлээ.
Шатахуун авахаар хүлээж буй иргэдийн дараалал зарим шатахуун түгээх станцуудад километр урттай байгаа аж. Иргэд ийнхүү урт дараалал үүсгэж байгаа нь шатахууны хямралыг улам даамжруулж байгаа тул тус улсад үе үе эсэргүүцлийн жагсаал болсоор байна.
Шри Ланка улс шатахуун ханган нийлүүлэгчиддээ 725 сая долларын хугацаа хэтэрсэн зээлтэй байгаа аж.
Засгийн газрын төлөөлөгч "Бид гадаад валютын нөөцгүй болсноос болж шатахуун авч чадахгүй байна. Засгийн газар дизель түлш, бензиний нөөцөө зургаадугаар сарын 21 хүртэл хүргэхээр ажиллаж байна" гэж сэтгүүлчдэд мэдэгдэв. "Бид шатахууны хэрэгцээг хангахад маш хэцүү байгаа бөгөөд иргэд шаардлагагүй тохиолдолд тээврийн хэрэгсэл ашиглахаа багасгаж, шатахууны хуримтлал үүсгэхээ зогсоохгүй бол нөөц хурдан дуусч магадгүй юм" гэлээ.