Саяхан Харвард Бизнесийн сургуулийн “Харвардын Менеж-Ментор” сургалтын төгсөлт болсон.
Тэгвэл удахгүй МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академийн "1000 СЕО" бэлдэх хөтөлбөрийн хүрээнд "СЕО EXCELLENCE" компанийн С-түвшний удирдлагуудад зориулсан сургалт энэ сарын 21-22-нд зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбогдуулан Бизнес академийн захирал Д.Асралттай ярилцлаа.
-Цар тахлын хоёр жилийн дараа бизнесийн салбарт ямар өөрчлөлт гарсан бэ?
-Улс орнуудын цар тахлын дараах бизнесийн өнгө төрөхийг харвал илүү дижитал хэлбэрт шилжсэн байна. Ихэнх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ онлайн болж, хэрэглэгчидтэйгээ хүртэл цахимаар харилцаж байна. Тиймээс одоо манай бизнесүүдийн хамгийн том сорилт бол илүү цахимжих явдал юм.
-СЕО нар гэхээр бүгд удирдах албан тушаалын, ихээхэн ур чадвартай хүмүүс байж таарна. Тэгэхээр тэдэнд яагаад сургалт хэрэгтэй гэж?
-Сүүлийн үед дэлхий нийтэд “Learning leader” буюу суралцдаг удирдагч гэх хандлага түгээмэл болж байна. Энэ юуг харуулж байна гэхээр удирдагч өөрөө чадварлаг байх нэг хэрэг.
Харин бусад хүмүүсийг сургаж бусдаас суралцана гэдэг маш том соёл юм. Өөрт байгаа эх сурвалж, нөөц бололцоо, чадвараа бусадтай хуваалцдаг хүний бизнес илүү амжилттай явна.
Хоёрдугаарт, дэлхий нийтэд түгээмэл болж буй нэг хандлага бол томоохон корпорацууд, компаниуд бүх зүйлд оролцдог байсан бол одоо эдийн засгийн оролцогч талууд маш минимал болж байна. Маш жижигхэн ч байх боломжтой. Харин манайд эсрэгээрээ жижиг бизнес эрхлэгчид аль нэг том компани корпорацын эд эс, хөдөлгөгч эд анги нь байсаар байна.
Гуравдугаарт, “Networking effect” буюу сүлжээний үр нөлөөгөөр дамжуулан ижил төрлийн бизнес эрхлэгчидтэйгээ танилцах, бизнесээ сурталчилж таниулах, хөрөнгө оруулалт татах, хамтарч ажиллах маш их боломж гарч ирж байна.
Ер нь ихэнх томоохон их дээд сургууль, компаниудын CEO нарын уулзалтуудын гол зорилго нь “networking” хийх байдаг. Хэнд юу байгаа, хэнд юу байхгүй юм гээд нэг нэгнээсээ туршлага судлах боломжтой. Тэгэхээр манай сургалтад ирээд зөвхөн суралцах гэхээс илүүтэй бие биетэйгээ танилцаж, танилын хүрээ, бизнесээ тэлэх боломжтой юм.
-Цар тахлын өмнөх болон дараах СЕО нарт ялгаа байна уу?
-Ковидын дараа хурдасгагч, бүтээлч СЕО нар илүү амжилттай явж байна.
-СЕО хүнд байх ёстой ур чадварыг яг юу тэргүүлэх бол?
-Макензи гээд зөвлөх компани глобал түвшинд үйл ажиллагаа явуулж буй 2 500 орчим компанийн СЕО нараас судалгаа авсан байдаг.
Тус судалгаагаар дараах 5 чадвар СЕО нарт зайлшгүй байх ёстой гэж үзсэн. Тодруулбал, СЕО хүн чиглүүлэгч, харилцагч, холбогч, тэнцвэржүүлэгч, хурдасгагч байх ёстой.
Мэдээж хүний нөөц, стратеги зэрэг өөр хийх ёстой ажлууд байна л даа. Гэхдээ хамгийн гол жаазлах ёстой зүйл нь дээрх 5 чадвар юм. Үүнээс гадна СЕО хүнд байх ёстой нэг чухал чадвар бол сонсох, ажиглах байдаг.
-Одоо явуулах гэж буй сургалт чинь аль улсын туршлага дээр суурилсан бэ?
-Макензи зөвлөх компанийн судалгаан дээр үндэслэсэн хөтөлбөр. Харвардын бизнес судлалын 3 кейс, 7 сорил хэлэлцүүлэгтэй форматаар хийгдэнэ.
Манай бизнес академийн үндсэн зорилго бол Монгол СЕО нарыг глобал түвшний 2500 СЕО нарын тойрогт оруулах, гүүр болох юм. Тиймээс суралцдаг лидер байхад нь хэрхэн яаж тусалж болох вэ гэдэгт бүх анхаарлаа хандуулна.
-Сургалтад хамрагдсан СЕО нар танай сургалтаас яг ямар ур чадварыг эзэмших хэрэгтэй вэ?
-Ямар ч түвшний СЕО байсан хамаагүй удирдагч хүн яг юу хийж чаддаг байх ёстой, юу хийх ёстой юм бэ гэдгийг л мэдэж аваасай гэж хүсэж байна. Монголд дэлхийн хэмжээний СЕО ямар хэрэгцээтэй юм гэж зарим хүн ярьдаг.
Бид зөвхөн монголдоо бизнес эрхлээд явж болно. Гэхдээ хүрээгээ илүү томоор харж, дэлхийтэй өрсөлдөх ёстой. Монгол хүн заавал Монгол компанийн СЕО байх албагүй.
Монгол хүн дэлхийн томоохон компанийн СЕО байж болно шүү дээ. Үүнд бид өнөөдрөөс л бэлтгэх ёстой.
-Гэхдээ СЕО нарт онол гэхээс илүүтэй практик илүү чухал байна байх?
-Энэ сургалт бол ерөөсөө тэр чигтээ практик. Танд яг одоо ямар асуудал тулгарч байна. Энэ асуудлыг бусад оролцогчид хэрхэн давж туулах бол гэх зэргээр нэг нэгнийхээ туршлагаас суралцана. Түүнчлэн сургалтад ашиглагдах кейсүүд бүгд дэлхийн томоохон компаниудад тулгарч байсан бэрхшээлүүд дээр тулгуурласан байна. Харин багш зөвхөн өдөөх, сэдэлжүүлэх үүрэг л гүйцэтгэнэ. Манай боловсролын салбарт байдаг нэг дутагдал нь багш төвтэй. Багш гэхээр бүх зүйлийг мэддэг, бүх зүйлийг ярих ёстой юм шиг байдаг. Гэхдээ үүнийг өөрчлөх ёстой. Ялангуяа бизнесийн боловсролд.
Бизнесийн боловсрол биднээс бодит асуудлыг өөрсдөө даван туулж, шийдэхийг шаарддаг. Тэгж байж л бид дэлхийн түвшний СЕО нарын эгнээнд багтаж чадна. Ер нь тийм л амбицтай, мөрөөдөл, зорилготой байх ёстой.
Барууны компаниудын томоохон СЕО нар ярьдаг л даа. СЕО хүн жилд 50 ном унших ёстой. Та удирдах албан тушаалын хүн болсон бол эхлээд энэ 50 номыг уншчих аа гэдэг ч юм уу. Энэ юуг хэлээд байна байна гэхээр өөртэйгөө ижил түвшинд байхыг шаардаж байгаа хэрэг. Хэрэв хангалттай туршлага хуримтлуулж, мэдлэгтэй болохгүй бол дараагийн шатанд гарч ажиллах хэцүү гэдгийг л харуулаад байгаа юм. Тиймээс СЕО хүн цаг үеэсээ хоцрохгүй байж, хангалттай мэдээлэлтэй байх шаардлагатай.
-Сургалт хэзээнээс эхлэх вэ? хамрах хүрээ?
-Сургалт зургаадугаар сарын 21-22-нд болно. 10-аад хүний бүрэлдэхүүнтэй 2 өдөр 16 цагийн сургалт явуулна. Компанийн "CEO" болон "CEO" түвшинд бэлтгэгдэж буй менежерүүд оролцох боломжтой.
-Баярлалаа.
Та бүхэн сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.