/2022.06.17/: АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 0.75 хувиар нэмэгдүүлж буйгаа зарлалаа.
Энэ нь бодлогын хүүг 1994 оноос хойших хамгийн өндөр дүнгээр нэмэгдүүлсэн хэрэг болж байна. Ингэснээр АНУ-ын төв банкны бодлогын хүүгийн хэмжээ 1.5-1.75 хувьд хүрч байна. Энэ оны эцэс гэхэд тус улсын төв банкны бодлогын хүү 3.4 хувьд, улмаар ирэх оны хавар гэхэд 3.8 хувьд хүрэхээр байгааг тус банк төсөөлж байна. Гэхдээ бодлогын хүү ирэх оны эцэс гэхэд эргээд буурч 3.4 хувь, 2024 оны эцэс гэхэд 3.1 хувьд хүрэх болов уу гэж үзжээ.
Төв банкны тэргүүн Жэром Пауэлл ирэх долдугаар сард бодлогын хүүг 0.5-0.75 хувиар дахин нэмэгдүүлэх болно гэж мэдэгдсэн байна. Ингэхдээ инфляцын нөхцөл байдлыг харзнаж байж шийдвэрээ гаргах ажээ. Холбооны нөөцийн банкны хувьд урт хугацаандаа инфляцыг 2 хувьд хүргэхээр зорьж байгаа бол өнгөрсөн тавдугаар сард тус улсад инфляц 8.6 хувьд хүрч сүүлийн дөч гаруй жилийн дээд хэмжээнд очжээ.
Энэ оны бодлогын хүүгийн өсөлтийн тооцоолол өнгөрсөн гуравдугаар сарын төсөөллөөс 1.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байна.
Тус банк энэ оны АНУ-ын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулж 1.7 хувь болгожээ. Уг нь өнгөрсөн гуравдугаар сард уг үзүүлэлтийг 2.8 хувиар илэрхийлэгдэнэ гэж төсөөлж байв. АНУ-ын эдийн засгийн өсөлт оны эхний улирлын байдлаар 1.4 хувиар буурсан дүнтэй гарсан бол хоёрдугаар улиралд тэг хувиар өсөх таамгийг Холбооны нөөцийн банкны Атланта дахь салбар гаргаад байна. Ингэснээр нэгдүгээр улсын эдийн засаг оны эхний хагаст бууралттай гарч болзошгүй болжээ.
Гэхдээ АНУ-ын ажлын байрын үзүүлэлт харьцангуй сайн байгаа бөгөөд эдийн засгийн ерөнхий үзүүлэлтүүд нэгдүгээр улирлын дараа сайжрах төлөв ажиглагдаж буйг албаныхан тэмдэглэжээ. Тус улсын төв банк энэ онд инфляц 4.1-4.2 хувь, ирэх онд 2.6-2.7 хувь руу огцом буурна гэж найдаж байна.