/2022.06.13/ “Баяншарга” сонин, bayansharga.mn сайтын эрхлэгч Л.Борын хариуцлагагүй уул уурхайг халж, газар дэлхий, уул усаа хамгаалах тэмцлийн түүхээ хураангуйлсан “Шаргын уулаа хамгаалан тэмцсэн минь учиртай” номын нээлт энэ сарын 9-ны өдөр “Интерном” номын дэлгүүрт боллоо.
Тэрээр “Их Бага Баяншарга” ТББ-аа 2008 онд байгуулж Сүхбаатар аймагт хууль бусаар олгогдсон уул уурхайн лицензүүдийг цуцлуулахаар тууштай тэмцэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар шаргын уулын ойролцоо олгогдсон 6 лицензийг цуцлуулаад байгаа ажээ.
Тэрээр, "Монгол соёлыг тээж яваа малчид бол газар нутгийн хамгаалагчид, жинхэнэ баялгийн эзэд юм. Монголчууд бид газар нутаг, уул усаа эртнээс бурханчлан дээдэлсээр ирсэн. Гэвч энэ өв уламжлал маань уул уурхайн буруутай үйл ажиллагааны улмаас орхигдож байгаад миний хувьд эмзэглэж явдаг. Тиймээс нүүдлийн соёл иргэншлээ хамгаалж авч үлдэх нь монголчууд та бүхний хүн төрөлтний өмнө хүлээсэн үүрэг юм шүү гэдгийг сануулж энэхүү номоо бичлээ" хэмээв.
Түүний номын нээлтэд АИХ-ын дарга, УИХ-ын гишүүн асан Ж.Гомбожав, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондов болон сэтгүүл зүйн салбарын төлөөлөл оролцсон юм.