Оросын жудочид UJF туган дор оролцох болсныг Украины бөхчүүд ЭСЭРГҮҮЦЭВ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросын жудочид UJF туган дор оролцох болсныг Украины бөхчүүд ЭСЭРГҮҮЦЭВ

/2022.6.13/ Улаанбаатар хотноо энэ сарын 24-26-ны өдрүүдэд жудо бөхийн олон улсын Их дуулга тэмцээн болно. Дэлхийн улс орнуудаас 220 тамирчин оролцохоор бүртгүүлжээ.

Энэ тэмцээнд ОХУ-ын жудочдыг оролцуулах эсэх асуудал нэлээд хэлэлцэгдсэн. Учир нь, тус улсаас Украинд өдүүлж буй дайны улмаас бусад улс орны жудочид Оросын тамирчидтай нэг дэвжээнд гарахгүй гэх эсэргүүцлийг илэрхийлээд байгаа юм.

Оросын Жудо бөхийн холбооны захирал Кирилл Дэнисов Рио Новости агентлагт ярилцлага өгөхдөө:

-Улаанбаатар хотноо болох олон улсын Их дуулга тэмцээн нь оросын жудочдын хувьд туйлын чухал тэмцээн. Учир нь 2024 онд Парист болох Олимпын наадмын оноо цуглуулах учиртай гэжээ.

Олон улсын Жудо бөхийн холбооноос ОХУ болон Беларусийн тамирчид оролцох болсон талаар өнгөрөгч 10-ны өдөр мэдээлсэн. Ингэж оролцохдоо энэ хоёр орны тамирчид улсынхаа нэрэн дээр биш харин IJF-ийн туган дор оролцох ажээ. IJF-ийн ерөнхийлөгч Мариус Визер:

-Жудо бол хүмүүжлийн спорт. Хүндлэл, нөхөрлөл, эр зориг, харилцан туслалцах зэрэг үнэт зүйлсийг сургадаг. Жүдо нь тамирчид болон жүдо бөхийн бусад төлөөлөгчдийн эсрэг улс төрийн хөндлөнгийн оролцоо, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахаас зайлсхийхийг үргэлж хичээдэг. Философи, харилцааны хувьд бид өөрсдийгөө, дэлхийн жүдогийн нийгэмлэгийг жүдогийн гэр бүл гэж нэрлэдэг бөгөөд энэ нь биднийг удирдан чиглүүлдэг нөхөрлөл, хүндэтгэл гэсэн зарчмууд дээр суурилдаг. Түүнчлэн Олон улсын жүдо бөхийн холбоо олон жилийн турш “Энх тайвны төлөөх жүдо” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд бид үүнийг олон нийтийг ойртуулах, янз бүрийн зөрчилдөөнтэй бүс нутагт яриа хэлцэл, нийгмийн эв нэгдлийг нэмэгдүүлэх хэрэгсэл болгон ашиглаж байна хэмээн мэдээлсэн юм.

Харин Гүржид төрсөн Украины жудоч, Жудо бөхийн дэлхийн аварга Жорж Зантариа IJF-ийн энэ мэдээллийг эрс буруушаалаа. Тэрээр:

-Спорт улстөрийн талд, тэр дундаа дайны талд хэзээ ч зогсох ёсгүй гэж бичиж байснаа та бүхэнд сануулъя. Хэрэв ОХУ-ын тамирчид Улаанбаатарт болох Их дуулга тэмцээнд оролцох юм бол би өөрийн Дэлхийн аваргын цолоосоо татгалзах болно. Миний хайртай спортын Олон улсын холбоо дайныг өөгшүүлж байгааг харах ичгэвтэр байна. Энэ удаагийн Их дуулга олон улсын тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн тамирчин бүрт нэг зүйлийг сануулъя. Оросын өдөөсөн дайны улмаас Украинд өдөр бүр хэдэн зуун хүн амиа алдаж, хэдэн мянган хүн гэр оронгүй болж байна.

Бүртгүүлсэн тамирчид аа, хэрэв Оросын бөхчүүд энэ тэмцээнд оролцох юм бол та бүхнийг Их дуулгад барилдахаас татгалзахыг уриалж байна. Хэрэв оросын тамирчид IJF туган дор энэ тэмцээнд оролцох юм бол Украины бөхчүүд энэ тэмцээнд оролцохгүй болохыг мэдэгдэж байна" гэсэн юм.

ВИДЕО: Нярайн шарлалт ба анхаарах зүйл
ВИДЕО: Нярайн шарлалт ба анхаарах зүйл
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.