/2022.06.03/: БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг Орхон аймгийн багш, удирдлагуудтай уулзаж, төсвийн шинэчлэлийн бодлого, хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.
Уулзалтад аймгийн 280 гаруй багш, удирдлагууд оролцсон бөгөөд БШУЯ болон БЕГ-аас багш нарт дараах чиглэлээр нэгдсэн байдлаар мэдээлэл өглөө. Үүнд:
- Боловсролын салбарын бодлого эрх зүйн шинэчлэл
- Төсвийн шинэчлэл, түүнийг хэрэгжүүлэхэд багш, хамт олны оролцоо
- Эрүүл мэндийн үйлчилгээ, үзлэг оношлогоо
- Хүүхэд хамгаалалд хамтын оролцоог нэмэгдүүлэх нь
- Боловсролын байгууллагын багш ажилтны ёс зүй манлайлал
Орхон аймагт Боловсролын салбарт хэрэгжүүлж буй үйл ажиллагаанаас:
- Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд “БАГШ” дэд хөтөлбөрийг 7 дахь жилдээ тусган хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь боловсролын салбарын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах зорилготой.
- 2021-2022 оны хичээлийн жилд 10 цэцэрлэгийн 84 бүлэгт 42 багшийг хоёр ээлжийн багшаар ажиллуулж байна.
- 12 дугаар анги төгсөгчдийг ЭЕШ-д амжилттай бэлтгэх зорилгоор “Боловсрол” академитай хамтран E-LAB хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна.
- 2022-2023 оны хичээлийг жилд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах зорилготой “ ТЭГШ БОЛОМЖ” хөтөлбөрийг аймгийн Засаг даргын тамгын газар, БШУГ хамтран хэрэгжүүлнэ.
- 2020-2021 оны хичээлийн жилд 1, 7, лаборатори 8-р сургуулиуд "Moodle систем", 5, 13-р сургуулиуд "Их нүүдэл" системийг нэвтрүүлэн цахим сургалтын технологийг хэрэгжүүлснээр цар тахлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах боломжийг бүрдүүлсэн. Эдгээр сургуулиудын цахим системийн ашиглалтын зардалд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас 12,6 сая төгрөгийг шийдвэрлэсэн.
- Аймгийн Засаг даргын захирамжаар "Уран эгшиг" урлагийн төрөлжсөн сургалттай сургууль байгуулсан. Тус сургуульд ятга, шанз, ёочин, хуучир, морин хуур, лимбэ, төгөлдөр хуур, уран нугаралт гэсэн урлагийн 8 хөтөлбөрөөр 1-12-р ангийн 90 сурагч хичээллэж байна.
- Боловсрол, шинжлэх ухааны яамны сургалтад хамрагдаж, мэргэшсэн 5 сэтгэл зүйч төрийн өмчийн 5 сургуульд ажиллаж, 2000 гаруй сурагч, 470 эцэг эх, асран хамгаалагч, 171 багш, удирдах ажилтанд зөвлөгөө, сургалт, нөлөөллийн ажил хийсэн.
Эх сурвалж: БЕГ