/2022.05.31/: Чингэлтэй дүүргийн прокурорын газраас “Бэлтэс Мөрөн” ХХК нэр дээр болон өөрсдийн нэр дээрх хувийн дансандаа шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Г.Пүрэвсүрэн, Г.Нямдэлгэр, Р.Бузмаа, С.Ганбаатар, Н.Уяабор нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.
Уг хүсэлтийг хүлээн авч 2022 оны тавдугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд Г.Пүрэвсүрэн, Р.Бузмаа, Н.Уяабор нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрөөс 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, яллагдагч С.Ганбаатарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Прокурорын зүгээс яллагдагч Г.Нямдэлгэрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт энэхүү саналаа өөрчилж түүнд тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүх хуралдаанд гаргаснаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...тодорхой газар очихыг хориглох...” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг хүлээн авч шийдвэрлэв.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар