/2022.05.27/: Оросын зэвсэгт хүчин Украины зүүн хэсэгт довтолгоогоо эрчимжүүлж, Украины хамгаалалтыг нураах гэж оролдож байна.
Оросын бөмбөгдөлт: Пүрэв гарагт Оросын цэргүүд зүүн Донецк мужид амжилттай давшиж Бахмут хотоос ойролцоогоор 16 км-т оршдог нэгэн дүүргийг эзлэн авчээ. Сүүлийн өдрүүдэд Оросууд ойрын тусгалтай баллистик пуужин, олон пуужингийн харвах систем, хүнд их буу, танкуудыг нэгтгэн Украины хяналтад байгаа Луганск, Донецк мужуудын хот, суурингуудыг уйгагүй бөмбөгдсөн гэж Украины албаныхан мэдэгдэв. Хэд хэдэн албан тушаалтнууд нөхцөл байдлыг "маш хүнд" гэж тодорхойлж, Украины анги нэгтгэлүүд зарим газар ухрах шаардлагатай болж магадгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
Үхлийн халдлага: Пүрэв гарагт зүүн хойд Харьков хотод орон сууцны хорооллуудыг "буудасны" улмаас есөн хүн амиа алдаж, 19 хүн шархадсан гэж Украины цэргийн албаны хүн мэдэгдэв. Украины арми "хамгаалалтаа сайтар барьж байгаа бөгөөд Харьков хотыг булаан авах боломжгүй" гэж албаны хүн мэдэгдэв.
Иргэдийг албадан Орос руу зөөвөрлөсөн: Барууны сүүлийн үеийн тагнуулын мэдээний дөрвөн эх сурвалжийн мэдээлснээр, хэдэн зуун мянган украинчуудыг албадан нүүлгэх системчилсэн хөтөлбөрийн хүрээнд Орос руу илгээсэн байна. Эдгээр нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн тоо нь АНУ-ын албаны хүмүүсийн олон нийтэд зарласнаас хамаагүй илүү байгаа гэлээ.
Геноцид үйлдэл гэж мэдэгдлээ: Украины зүүн хэсэгт явуулж байгаа ОХУ-ын үйл ажиллагаа нь "геноцидын илт бодлогыг" харуулж байна гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський пүрэв гарагт мэдэгдэв. "Донбас дахь булаан эзлэгчдийн одоогийн довтолгоо нь бүс нутгийг хүн амгүй болгож болзошгүй" гэж тэрээр хэлэв.
АНУ-аас олгох зэвсгийн тусламж: Байдены засаг захиргаа Украинд санал болгож буй зэвсгийн төрлөө нэмэгдүүлэхээр бэлтгэж байна. Украины албаны хүмүүсийн хамгийн их хүсэж байгаа зэвсэг нь алсын тусгалын пуужингийн дэвшилтэт систем болоод байна. Цагаан ордон ирэх долоо хоногт цэргийн болон аюулгүй байдлын тусламжийн томоохон багцын нэг хэсэг болгон системийг илгээх хандлагатай байна.
Дайны гэмт хэргийн шүүх: Пүрэв гарагт болсон Украины төв хэсгийн шүүх хурал дээр Оросын хоёр цэрэг "Урьдчилсан бүлэглэлийн зохион байгуулалттайгаар дайны хууль, ёс заншлыг зөрчсөн" хэргээр буруугаа хүлээв. Александр Бобыкин, Александр Иванов нарыг хоёрдугаар сарын 24-нд ОХУ-ын Белгород мужаас Харьков руу пуужин харвасан хэрэгт буруутгаж байна.
Нефтийн үнэ огцом өсөв: Пүрэв гарагт Брент маркийн нефтийн үнэ нэг баррель нь 117 доллараас давсан нь гуравдугаар сарын сүүлээс хойших хамгийн дээд түвшин болсон нь автомашин хөлөглөгч хүн бүрийн сэтгэлийг зовоож байна. Хөрөнгө оруулагчид Европын албаныхан Оросын нефтийг аажмаар зогсоох талаар тохиролцоонд хүрэх эсэхийг нүд цавчилгүй харж байна.
ХБНГУ-ын хийн амлалт: Герман Оросын байгалийн хийн импортоос хамааралтай байдлаа зогсоохын тулд "хатуу арга хэмжээнүүдийг авч" ажиллаж байна гэж тус улсын канцлер пүрэв гарагт мэдэгдэв. Тэрээр Берлин болон ЕХ хоёулаа Москвагаас эрчим хүчний импортын хараат байдлаа зогсооно гэдэгт "эргэлзэх зүйлгүй" гэж мэдэгдэв.
Эх сурвалж: ВВС, CNN