/2022.05.23/ Ерөнхий боловсролын сургуулийн 2 сурагч энэ сарын 16-ны өдөр биеийн тамирын хичээл дээрээ амны хаалттай гүйсний улмаас биеийн байдал нь муудаж, улмаар эмнэлэгт хүргэгдсэн билээ.
Энэ талаар БШУЯ-наас мэдээлэл хийлээ. Боловсролын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Буянтогтох:
-Биеийн тамирын хичээл дээр сурагч амны хаалттай явж байгаад гэмтэж бэртсэн тохиолдол байхгүй. Харин нэг сургуулийн зургаадугаар ангийн сурагч биеийн тамирын хичээлд орох гэж байгаад хичээлийн бэлтгэл, зааварчилгаа өгч байх үед өөрөө бэртэж эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол гарсан байна. Үүнтэй холбоотойгоор эцэг эхчүүд нь ирж тухайн сургуулийн нөхцөл байдалтай танилцсан байсан.
Мөн нэг сурагч амны хаалттай гүйсний улмаас нас барсан гэсэн мэдээлэл явж байна. Гэхдээ одоогоор ийм тохиолдол гараагүй. Тухайн хүүхэд энэ сарын 13-ны өдөр гэртээ байхдаа зүрхний өвчнөөс болж нас барж, өглөө сэрээгүй гэдэг мэдээллийг ар гэрийнхэн нь өгсөн. Түүнээс биш ямар нэг байдлаар биеийн тамирын хичээл дээрээ байж байгаад нас барсан зүйл байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй" гэлээ.