/2022.05.20/: Монгол Улсад Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа тавдугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо болов.
Арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүд, Монгол дахь НҮБ-ын Удирдлагын багийн төлөөлөл оролцлоо.
Баримт бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, НҮБ-ыг төлөөлж Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишра нар гарын үсэг зурав.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ, НҮБ-тай хөгжүүлж буй олон жилийн идэвхтэй хамтын ажиллагаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцолж, НҮБ-ын хөгжлийн системийн шинэчлэлийн гол хэсэг болох “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” шинэ баримт бичиг нь манай улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, дэвшүүлсэн санал, санаачлагуудыг ажил хэрэг болгох, тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад оруулж буй үндэсний хувь нэмрийг нэмэгдүүлэх ач холбогдолтойг тэмдэглэв.
Монгол Улсад НҮБ-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн хэрэгжилтэд НҮБ-ын системийн 23 байгууллага оролцож, тогтвортой хөгжлийн төлөө хувь нэмэр оруулж ажиллана.
Эх сурвалж: ГХЯ