/2022.05.20/: Хойд Солонгос ковидын тархалтыг зогсоохоор эм болон вакцин хэрэглэлгүйгээр тэмцэж байна.
2020 оны эхээр дэлхийн олон улсад цар тахал дэгдэж эхлэхэд тус улс тахал өвчнөөс өөрийгөө хамгаалахын тулд вакцинаар бус хилээ битүүмжилж тэмцэх замыг сонгосон юм.
Тус улсад эм бэлдмэл болон вакцины тусламжийг олгохоор олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд удаа дараа хандсан боловч өнөөг хүртэл татгалзаж байна.
БНАСАУ-д ковид-19 халдварыг "халууралт" гэж нэрлэж байна. Тус улс "халууралт" гэж нэрлэсэн Ковид өвчнийг эмчлэхийн тулд янз бүрийн уламжлалт эмчилгээг төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэддээ санал болгож байгаа аж.
Халуун ундаа
Хүнд өвчтэй биш хүмүүст эрх баригч намын Родонг Симнун сонин цагаан гаа эсвэл зөгийн балны цай, бургасны навчны ундаа зэрэг эмчилгээг зөвлөж байна.
Халуун ундаа нь хоолой өвдөх, ханиалгах зэрэг Ковидийн зарим шинж тэмдгийг тайвшруулж, өвчтөн хэвийн хэмжээнээс илүү шингэн алдаж байгаа үед чийгшүүлэхэд тусалдаг.
Мөн цагаан гаа, бургасны навч нь үрэвслийг намдааж, өвдөлтийг намдаадаг боловч эдгээр нь вирусын эсрэг эмчилгээ биш юм.
Давстай ус
Саяхан төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгэн хос өглөө оройдоо давстай усаар хоолойгоо зайлахыг зөвлөсөн байна.
"Мянган тонн давс"-ыг "антисептик уусмал бэлтгэх" зорилгоор Пхеньян руу илгээсэн гэж тус улсын мэдээллийн агентлаг мэдээлэв.
Зарим судалгаагаар давстай усаар хоолойгоо зайлж, хамраа угаах нь ханиад үүсгэдэг вирусын эсрэг тодорхой түвшинд тэмцдэг гэсэн дүгнэлт гарсан боловч ковидын тархалтыг удаашруулдаг гэх нэг ч судалгай байхгүй.
Ковид нь ихэвчлэн амьсгалын замаар буюу ам хамраар дамжин хүний биед нэвтэрдэг бөгөөд зарим тохиолдолд амаа зайлах нь вирусыг устгадаг болохыг судалгаагаар тогтоожээ.
Гэвч энэ нь зөвхөн ганцхан удаа вирусээр халдварлахыг болиулах бөгөөд зөвхөн аманд нэвтэрсэн тохиолдолд л үйлчлэх аж. Гэхдээ мэдээж вирус дөнгөж хоолойд нэвтэрсний дараа л ингэж устгах боломжтой юм.
Өвдөлт намдаах эм, антибиотик
Төрийн телевизээр өвчтөнүүдэд ибупрофен зэрэг өвдөлт намдаах эм, амоксициллин болон бусад антибиотик хэрэглэхийг зөвлөж байна.
Ибупрофен болон парацетамол нь хүний биеийн температурыг бууруулж, толгой өвдөх, хоолой өвдөх зэрэг шинж тэмдгүүдийг бууруулдаг. Гэхдээ мэдээж вирусыг устгаж, түүнийг хөгжүүлэхээс сэргийлж чадахгүй.
Ковидтой хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлэхээс урьдчилан сэргийлэх зарим батлагдсан эмүүд байдаг:
вирусын эсрэг эмүүд: паксловид, молнупиравир, ремдесивир, дархлааны системийг дуурайдаг эсрэг биеийн эмчилгээ.
Эрүүл мэндийн систем
БНАСАУ-ын эрүүл мэндийн тогтолцоо нь хамгийн бага нэгжээс авахуулаад улсын эмнэлгүүдэд нарийн мэргэжлийн эмчилгээ, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх зорилгоор байгуулагдсан байдаг аж.
Гэвч сүүлийн жилүүдэд цөмийн хөтөлбөрөөс шалтгаалсан хориг арга хэмжээ, ган гачиг гэх мэт хүчин зүйлүүдээс болж тус улсын эдийн засаг уналтад орсон байна.
Ялангуяа нийслэл Пхеньяны гадна байдаг жижиг эмнэлгүүд боловсон хүчин, эм, тоног төхөөрөмжийн хомсдолд орсон байна.
Эх сурвалж: ВВС