/2022.05.18/ Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк санхүүжүүлж, Адам Смит Интернэйшнл байгууллагын гүйцэтгэсэн “Монгол Улсын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгаа”-ны дүнг танилцуулах хэлэлцүүлэг, семинар өчигдөр буюу энэ сарын 17-ны Туушин зочид буудалд зохион байгуулагдлаа.
Тус судалгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилготой юм. Судалгааг 2021 оны 10, 11 дүгээр сард зохион байгуулсан бөгөөд Канад Улсын Фрэйзер Институтийн жил бүр гаргадаг уул уурхайн салбарын судалгааны үр дүнтэй харьцуулсан байна.
Арга хэмжээнд оролцогчид хөрөнгө оруулагчийн маргааныг шийдвэрлэх механизм дутагдалтай, хугацаа ихээр алддаг, эрх зүйн зохицуулалтын орчин тогтвортой бус, тодорхойгүй, хууль хоорондын зөрчилтэй, тусгай зөвшөөрөл олгох үйл явц боловсронгуй бус зэрэг асуудлууд хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлж байгааг онцолсон юм.
УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал, "Уг судалгаанаас үзэхэд ажиллах хүчний чадамж сайжирсан давуу талтай байна. Харин нөгөө талдаа хөрөнгө оруулалтын маргааныг шийдэх процесс асуудалтай байгаа нь ажиглагдлаа. Мөн хууль эрхзүйн орчин, дүрэм журмууд хоорондоо уялдаа холбоогүй байгаа нь сул тал болсоор байна. Түүнчлэн татварын бодлогоо сайжруулах шаардлагатай байгаа нь судалгааны үр дүнгээс харагдаж байна.
Дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд цаашид илүү их лиценз олгож, үйл ажиллагаагаа илүү нээлттэй, ил тод болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт илүү их хөрөнгө оруулалт хийх боломжийг нь олгоно гэсэн үг юм. Тиймээс бид энэ сард багтаж бид 400-500 лиценз олголтын ажлыг эхлүүлнэ. Энэ жил сүүлийн 7 жил олгосон нийт лицензийн тооноос давсан лиценз олгохоор төлөвлөж байгаа" гэв.