/2022.05.11/: Геодези, Усны барилга байгууламжийн газраас нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн далан сувгийн цэвэрлэгээ, үйлчилгээг хийж байна.
Жил бүрийн хавар хийж заншсан цэвэрлэгээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 23, 27, 39 дүгээр хороонд байршилтай “Намгийн суваг” болон Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байршилтай Эрчим хүчний гудамж, Баруун уулын сувгийн төгсгөл хэсгийн сувагт их цэвэрлэгээ хийсэн байна. Мөн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байршилтай Ногоон нуурын үерээс хамгаалах байгууламж, Сонгинохайрхан дүүргийн 2, 20-р хороонд байршилтай “Бага Наран, Зүүн наран” сувгуудад төлөвлөгөөт цэвэрлэгээний ажил хийгдэж үерийн ус чөлөөтэй нэвтрүүлэх боломжтой болгожээ.
Геодези, Усны барилга байгууламжийн газар /ГУББГ/ нь 2021 оны үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн ашиглалт, цэвэрлэгээ үйлчилгээний ажлын хүрээнд 25 байршилд 21225 м3 лаг хагшаасыг цэвэрлэсэн бол 2022 онд 20 байршилд 12411м3 лаг хагшаас /үерийн усаар хуралдаж тогтсон өвс ургамлын хаягдал, үерээс хуралдсан шороо/ цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгүүдэд тээвэрлэхээр төлөвлөн, график төлөвлөгөөний дагуу цэвэрлэгээний ажлыг эхлүүлээд байна. Тус газар нь нийслэлийн инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга байгууламжийн ашиглалт, засвар арчлалт, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг байна. Үүнд:
- Өндөржилт төлөвлөлт, инженерийн зураг төсөлд хяналт тавих
- Үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан суваг 157,6 км;
- Авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээ 222 км;
- Замын болон хөрсний ус зайлуулах өргөлтийн насос станц 1 ш/10000 м3/цаг; ‒Улаанбаатар хотын зургаан дүүргийн газрын доорх усны хяналт шинжилгээний ажил 3532 ширхэг шүүрт худаг, 3845 ширхэг үзлэгийн худаг, 45 ширхэг мониторингийн цооног зэргийг хариуцан ажиллаж байна.
“Үерийн далан суваг нийслэлийн иргэдийн, та бидний амь нас, эд хөрөнгийг болзошгүй үерийн аюулаас үргэлж хамгаалж байдаг тул их хотын иргэн та үерийн хамгаалалтын далан сувагт хог хаягдлаа битгий хаяарай. Цэлгэр, цэвэрхэн, аюулгүй хоттой болохын төлөө хамтдаа хичээцгээе” хэмээн ГУББГ-ын ажилтан, албан хаагчид уриалж байна.
Эх сурвалж: НЗДТГ