/2022.5.3/ Удахгүй болох тавдугаар сарын 9-ний өдрийн Ялалтын баяраар Украины дайн дуусахгүй гэж харж байна гэж Оросын Гадаад харилцааны сайд мэдэгдсэн талаар South China Morning Post-д мэдээлжээ.
Италийн Медиасет байгууллагад Сергей Лавров ярилцлага өгөхдөө "Украинд хийж буй цэргийн онцгой ажиллагааг Ялалтын баярыг тохиолдуулж, "зохиомлоор" дуусгах шаардлагагүй, бид тэгж яарахгүй байна" хэмээн ярьжээ.
Өмнө нь Ялалтын баяр болоход Москвад цэргийн сүрт жагсаал болж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тус жагсаалд оролцон, үг хэлдэг. Харин энэ жилийн хувьд Ялалтын баяр нь Украинд өдүүлсэн цуст дайны ид үеэр болж байна.
"Бид энэ жилийн Ялалтын баярыг урд жилүүдийнхтэй адил л тэмдэглэх болно. Хуучин ЗСБНХУ-ыг, Европыг нацистуудаас чөлөөлөхийн тулд амиа алдсан тэр хүмүүсийг дурсан санаарай" гэж Лавров ярьжээ.
Украины олон хотуудыг бөмбөгдөж, ойролцоогоор 5 сая гаруй хүнийг эх орноосоо дүрвэхэд хүргэсэн Оросууд Киевийг эзлэх санаархал нь бүтэлгүйтсэний дараа Украины өмнөд болон зүүн хэсэгт анхаарлаа хандуулж байна.
Москва "Мянга гаруй орос цэрэг Украинд амиа алдсан" гэж мэдээлсэн. Харин Украин үүнийг үгүйсгэж байгаа бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленськийн мэдээлснээр 23 мянга гаруй орос цэрэг амиа алдсан байна. Мөн оросын мянга гаруй танк, 2500 цэргийн техник энэ хоёр сарын хугацаанд сүйрчээ.
Эх сурвалж: SCMP