/2022.05.02/ Өнгөрсөн амралтын өдрүүдэд бага насны хүүхдүүд гэмтэж бэртэн ГССҮТ-д хүргэгдсэн гурван тохиолдол гарчээ.
Тодруулбал,
- Тавдугаар сарын 1-ний өдөр СХД-ийн 25 дугаар хороонд байрлах 2 давхар байшингийн цонхны хаалтны тор урагдаж 10 сартай хүүхэд унаж бэртсэн байна.
- Түүнчлэн тухайн өдрийн 20:20 цагт СХД-т байрлах амралтын газрын гадна 2 настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтэн ГГСҮТ-ийн хүлээн авах дээр ирсэн гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
- Мөн Хан-Уул дүүрэгт хашааны гадаа 11 настай эрэгтэй хүүхэд мориноос унаж гэмтсэн тохиолдлуудыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, хамгаалалтын тор сул байснаас цонхоор унах, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдэдээ тавих анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.