Н.Баярсайхан: Байгаль орчны яамнаас БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Баярсайхан: Байгаль орчны яамнаас БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Уул уурхайгаас үүдэлтэй нөхөн сэргээх шаардлагатай байгаа 30 мянган га газар байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Н.Цэрэнбат мэдээлж байжээ. Мөн одоогийн засгийн эрх барьж буй МАН 2020 оны сонгуулиар дээрх сүйдсэн газрын 8 га талбайг нөхөн сэргээнэ гэсэн зорилт тавьж гарч ирж байв. Өөрөөр хэлбэл нөхөн сэргээгдэх боломжтой газар нь л энэ аж.

Харин Уул уурхайн лицензтэй компаниуд олборлолт хийсэн газраа бүрэн нөхөн сэргээж, уурхайн талбайг нийтийн зориулалтаар ашиглахад аюулгүй болгосон байна гэж "Ашигт малтмалын тухай хууль"-д заасан байдаг. Энэ хүрээнд уул уурхайн компаниуд БОАЖЯ-ны тусгай санд барьцаа мөнгө байршуулж, нөхөн сэргээлт хийснийхээ дараа буцааж авдаг байна эрх зүйн орчинтой.

Гэтэл АМГТГ жилд дунджаар 1,600 орчим компанид ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгодог ч хамгийн ихдээ л 250 компани дээрх санд барьцаа байршуулдаг ажээ. Уг шударга бус тогтолцоог халхын тулд "Хил хязгааргүй алхам" ТТБ 2019 онд шүүхэд хоёр нэхэмжлэх гаргаж ялсан байна.

Энэ талаар бид тус ТББ-ын тэргүүн Н.Баярсайхантай ярилцсан юм. Тус байгууллага нийтийн эрх ашгийн төлөө өмгөөлөл хийдэг цөөхөн ТТБ-ын нэг ажээ.

-Та байгууллагынхаа чиг үүргийн талаар товч танилцуулахгүй юу?
-Манай үйл ажиллагаа явуулаад 16 жил болж байна. 2017 оны долоодугаар сарын 1-нээс "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль" хүчин төгөлдөр болж төрийн бус байгууллагуудад нэг боломжийг нээж өгсөн байдаг.

Тодруулбал, энэ хуулийн 18.3-т хүрээлэн буй орчин, хүүхдийн эрх, нийтийн өмч, хүний эрхийн асуудлаар ажилладаг ТББ-ууд нийтийн эрх ашгийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж зааж, хуульчилж өгсөн. Өөрөөр хэлбэл, олон нийтэд нээлттэй байх ёстой ч далд байдаг мэдээллүүдийг шүүхийн шугамаар ил болгож зөрчилтэй компанийн хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрүүлэн, хариуцлага хүлээлгэж болох эрх зүйн орчин бүрдсэн.

Үүнээс хойш манайх олон нийтийн эрх ашгийн төлөө байгаль орчин, хүний эрхийн чиглэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байна.

Уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч компани болон эрх олгогч захиргааны байгууллагын шийдвэр хүний эрхийн зөрчил гаргасан байвал, эсвэл хууль зөрчиж давуу эрх олгосон бол тухайн захиргааны шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд ханддаг гэсэн үг юм.

-Уул уурхайн нөхөн сэргээлттэй холбоотойгоор нэхэмжлэл гаргаж шүүхээр ялсан гэж байсан. Нэхэмжлэлийн шаардлага юу байсан бэ?
-Манайх 2019 онд хоёр нэхэмжлэх шүүхэд гаргаж ялсан байдаг. Нэгдүгээрт, 2018 оноос хойш хэдэн компани барьцаа мөнгө байршуулсан, хэд нь барьцаа мөнгө байршуулаагүй вэ гэдгийг манай байгууллагад гаргаж өгөх. Хоёрдугаарт, энэ мэдээллийг олон нийтэд нээлттэй ил болгох гэсэн хоёр шаардлага тавьсан.

Уул уурхайн төсөл хэрэгжүүлж буй ашиглалтын лицензтэй компани тухайн жил 5 га газар хөрс хуулж үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол тэр чинээгээр тодорхой хувьд нь нөхөн сэргээлт хийх ёстой байдаг. Энэ ажилд 5 юм уу 20 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бол үүний 50 хувийг БОАЖЯ-ны тусгай санд байршуулж нөхөн сэргээлт хийснийхээ дараа барьцаа мөнгөө буцааж авдаг.

Өөрөөр хэлбэл, дэнчин мөнгө байршуулдаг гэсэн үг. Харин БОАЖЯ тусгай сандаа компанийн мөнгийг хадгалаад бүх ажил дууссаны дараа буцааж өгнө. Хэрэв нөхөн сэргээлтээ хийхгүй бол яам энэ чиглэлийн компаниудын дунд тендер зарлаж, барьцаа мөнгөөр нь нөхөн сэргээлт хийлгүүлдэг байх тогтолцоотой. Мэдээж 50 хувиа байршуулсан учир мөнгө дутна. Дутууг нь лиценз эзэмшигчээс үл маргах журмаар шууд гаргуулж авах боломжтой.

Гэтэл БОАЖЯ бүх компаниас барьцаа мөнгө авдаггүй. Хэрэв барьцаа мөнгө байршуулаагүй бол олборлолт явуулах эрхийг нь түдгэлзүүлэх эрхтэй байдаг. Гэвч 250 компани л хуульд заасан үүргээ биелүүлдэг. Зарим жил 200 ч хүрдэггүй.

Уг нь БОАЖЯ-ны төрийн сангийн хэлтэс жил бүр нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө байршуулах ёстой компаниудыг жагсааж, нийт компаниас хэд нь барьцаа өгсөн хэд нь өгөөгүй вэ гэдгийг сайдын зөвлөлийн хурлаараа танилцуулах ёстой. Гэсэн ч энэ үйл ажиллагаа огт хийгддэггүй. Тиймээс манай байгууллага энэ мөнгө ил тод, нээлттэй байх ёстой гэж үзэн шүүхэд хандсан. Гол зорилго нь барьцаа өгдөггүй компаниудаас мөнгийг нь авч, хуулийн хэрэгжилтэд хяналт тавиулах байсан юм.

Үүний үр дүнд 2018-2021 оныг хүртэлх нөхөн сэргээлтийн зардал байршуулсан компаниудын мэдээллийг гаргуулж авч чадсан. Мөн энэ оны нэгдүгээр сарын 1-нээс тухайн мэдээллийг олон нийтэд нээлттэй шилэн болгохыг зөвшөөрсөн. Гэхдээ энэ шаардлага одоог хүртэл хэрэгжээгүй байгаа тул 2020 онд бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /ШШГГ/-т дахин хандсан.

-БОАЖЯ нөхөн сэргээлтийн барьцааг бүх компаниас авдаггүй, мөн зарим компани барьцаа мөнгө байршуулаагүй атлаа энэ мөнгөнөөс авдаг гэлээ. Танайд гаргаж өгсөн мэдээлэл дотор яг ийм зөрчилтэй компани байсан уу?
-Дээрх тайлангаас харахад Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулдаг "Монгол газар" ХХК гэдэг компани огт барьцаа байршуулаагүй атлаа бусад компанийн байршуулсан мөнгөнөөс авсан зөрчил илэрсэн. Барьцаа мөнгө байршуулсан жагсаалт дотор "Монгол газар" ХХК-ын нэр байгаагүй. Яаман дээр танил талтай болоод л ингэж авч байна гэсэн үг.

-2020 онд дахин шүүхэд хандсан гэлээ. Тус нэхэмжлэлд ямар шаардлага тусгасан бэ?
-Дээрх хэлсэнчлэн энэ мэдээллийг шилэн болгох, барьцаа мөнгө аваагүй компаниудаас гүйцээж мөнгийг нь авахыг шаардсан. Барьцаа өгдөггүй компаниудаас мөнгийг нь гүйцээж авч, мэргэжлийн компаниудаар нөхөн сэргээлт хийлгэх аян өрнүүлэх хэрэгтэй байгаа юм. Хэрэв БОАЖЯ өөрсдийн чиг үүргийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж чадахгүй бол бүтэц, зохион байгуулалтдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Яамнаас "Ашигт малтмалын тухай хууль"-ийг хэрэгжүүлж ажиллаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч манайхтай эвлэрлийн гэрээ байгуулсан.

Энэ ажлыг МХЕГ юм уу АМГТГ-т даатгах боломжтой. Нэгэнт яам энэ үүргээ биелүүлж чадахгүй байгаа бол АМГТГ лицензийг нь өгч, цуцалдаг байвал харин ч илүү амар болно.

Үүнийг бид үр дүн гэж харж байгаа. БОАЖЯ цугларсан мөнгийг зориулалтын дагуу зарцуулдаггүй. Өөрөөр хэлбэл нөхөн сэргээлтийн компаниудын дунд тендер зарлаж, барьцаа мөнгийг нөхөн сэргээлтэд ашигладаггүй. Жил бүр дунджаар 1.4 тэрбум төгрөг цугларсан гэж үзвэл энэ барьцаа мөнгө дор хаяж 10 тэрбум төгрөг болсон байх ёстой. Тэгвэл өнөөдөр энэ мөнгө БОАЖЯ-ны санд байгаа юу? гэдэг асуулт гарч ирж байна. Хэрэв байгаа бол ямар ямар газрыг нөхөн сэргээх вэ?

Бидний төлж буй татварын мөнгөөр эмнэлэг, сургууль барих ёстой байтал хэн нэгний компанийн нөхөн сэргээлтийг хийнэ гэдэг байж болохгүй зүйл шүү дээ. Уул уурхайн эвдрэлд өртсөн газрыг хариуцагчаас нь гаргуулж нөхөн сэргээлгэх, БОАЖЯ-ыг ажлаа хийдэг болгох нь бидний нэхэмжлэлийн гол зорилго.

Би энэ хэрэг дээр ажиллаж эхэлснээсээ хойш Байгаль орчны яамнаас байгаль орчноо хамгаалах хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Мөн Усны сав газрын захиргаанаас усаа хамгаалах ёстой. Угаас энэ газар хуурамч дүгнэлт хийж өгч, мөнгө авдаг. Бид БОАЖЯ-ыг байгалиа хамгаалж, улс орны эрх ашгийн төлөө бодлого боловсруулан, ШУ-ны үндэслэлтэй үйл ажиллагаа явуулдаг гэж итгэдэг ч яг үнэндээ үндсэн чиг үүргээ биелүүлж ажиллаж чадахгүй байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

"ХИЛ ХЯЗГААРГҮЙ АЛХАМ" ТББ-ЫН ТУХАЙ ТОВЧХОН

Анх 2006 онд үүсгэн байгуулагдаж энэ жил 16 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

"Хил хязгааргүй алхам" ТББ нь байгалийн нөөцийн ашиглалт, менежементээс үүдэлтэй хүний эрхийн зөрчлийг судлах, хамгаалах, олон нийтийн засаглалын үйл явцад оролцох оролцооны эрхийг хангах, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа, мониторинг, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус, нийгэмд үйлчилдэг байгууллага юм.

Батсүмбэр дэх ахмадуудыг амьдрах ухааны сургалтад хамруулжээ
Батсүмбэр дэх ахмадуудыг амьдрах ухааны сургалтад хамруулжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.