/2022.4.21/ Монголын Ипотекийн корпорацийн ТУЗ-ийн дарга асан М.Мөнхбаатарыг өнөө өглөө баривчилжээ.
Тэрээр өнгөрөгч долоо хоногт ажлаа өгсөн бөгөөд түүний албан тушаалд МУИС-ын дэд профессор Ч.Хашчулууныг томилсон юм. Ч.Хашчулуун нь МИК-ийн ТУЗ-ийн даргын эрх, үүргийг орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Энэ томилгоо дөрөвдүгээр сарын 19-ний өдөр болсон билээ.
2006 оны дөрөвдүгээр сард Монголбанк болон арилжааны 10 банк хамтран Монголын ипотекийн корпорацийг (МИК) үүсгэн байгуулсан түүхтэй. Харин 2013 оны дунд үеэс “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-хэрэгжүүлж эхэлсэн юм.
МИК арилжааны банкуудаас иргэдэд олгосон зээлийг багцлан худалдан авч, үнэт цаасжуулахын дээр ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн хөрвөх чадварыг хангаж, эрсдлийг бууруулах зорилготой ажилладаг юм. Товчхон бөгөөд ойлгомжтой тодорхойлолт гэвэл тус корпораци нь иргэдэд 8 хувийн зээлийг шууд олгодог банк биш, харин банк иргэдийн хооронд санхүүгийн инженерчлэл хийж өгдөг юм.
"Одоогийн байдлаар “МИК Холдинг” компанийн нийт хувьцааны 80.9 хувийг арилжааны банкууд эзэмшиж байгаа бол Хөгжлийн банк 14.8 хувийг, Монголбанк 2.3 хувийг харин аж ахуйн нэгж 1.7 хувийг эзэмшиж байна" гэж 2015 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр МИК компани албан ёсоор нээлттэй хувьцаат компани болох үеэр мэдээлж байв.