Манай уран бүтээлчид дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн наадамд ЗГ-ын дэмжлэгээр оролцох боломжтой боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай уран бүтээлчид дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн наадамд ЗГ-ын дэмжлэгээр оролцох боломжтой боллоо

/2022.04.21/ Бүгд Найрамдах Итали Улсад ажлын айлчлал хийж байгаа Соёлын сайд Ч.Номин энэ сарын 19-ны өдөр тус улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны дэд сайд Манлио Ди Стефанотой хоёр талын албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтаар талууд Монгол, Италийн харилцаа, тэр дундаа соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож “Соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт 2022-2025 онд хамтран ажиллах Засгийн газар хоорондын хөтөлбөр”-т гарын үсэг зурсан бөгөөд тус хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр тусгай төлөвлөгөө боловсруулан ажиллахаар тохиролцов.

Хөтөлбөр хэрэгжсэнээр хоёр улсын соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарын байгууллага хоорондын шууд хамтын ажиллагааг идэвхжүүлэх нөхцөл бүрдэж байгаа бөгөөд талууд хоёр орны түүх, соёлыг сурталчлан таниулах чиглэлээр харилцан үзэсгэлэн, урлагийн тоглолт, кино болон соёлын өдөрлөг хамтран зохион байгуулах, тэр дундаа сонгодог урлагийн уран бүтээлчид, багш, мэргэжилтнүүдийн солилцоо, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.

Мөн соёлын өвийн хадгалалт хамгаалалт, археологи, музей дэглэлт, архитектур, байгалийн шинжлэх ухаан, угсаатан зүй болон антропологийн чиглэлийн хамтарсан сургалт, судалгаа хийх, сонгодог болон орчин үеийн ном, зохиолыг орчуулан хэвлүүлэх зэрэг асуудлаар тохиролцсон юм.

Айлчлалын хүрээнд Соёлын сайд Ч.Номин Монгол Улсын Засгийн газраас цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Италийн талд танилцуулж, 49 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын боломжийг Монгол Улсын Засгийн газраас зарласан нь дотоод болон олон улсын хөрөнгө оруулагчдад нээлттэй, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хамтран хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн талаар тодорхой мэдээлэл өгөв.

Ташрамд дурдахад, Засгийн газрын шийдвэрийн дагуу манай улсын уран бүтээлчид дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн наадамд Засгийн газрын дэмжлэгээр оролцох болсон.

Энэ хүрээнд дүрслэх урлагийн салбарынхан дэлхийн хамгийн зэрэглэл өндөрт тооцогдох, урлагийн олимп гэгддэг Венецийн дүрслэх урлагийн олон улсын биеннальд Засгийн газрын дэмжлэгтэй оролцож байгаа юм.

Эх сурвалж: Соёлын яам

ЭМЯ: Улаанбаатарт 37, орон нутагт 4 тохиолдол бүртгэгдлээ
ЭМЯ: Улаанбаатарт 37, орон нутагт 4 тохиолдол бүртгэгдлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.