Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд дэвшигчдийн сонсгол боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд дэвшигчдийн сонсгол боллоо

/2022.04.20/ Нэр дэвшигчийн сонсгол нь нэр дэвшигчид уг албан тушаалд нэр дэвшсэн үндэслэл, мэдлэг, мэргэжил, ур чадвар, ёс зүйн хувьд тэнцэх эсэх, уг албанд томилогдсон тохиолдолд хийх ажлын талаар олон нийтэд хэлэлцүүлж дэлгэрэнгүй мэдээлэл авах, цаашлаад нэр дэвшигчийн сонсголын тайланг Байнгын хороо, Улсын Их Хурлаар хэлэлцүүлж Үндэсний зөвлөлийн гишүүнд томилох эсэх шийдвэр гаргахдаа тайланг харгалзан үзэх юм.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу Үндэсний зөвлөлийн гишүүд нь Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн бодлого, даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, чанар, төлбөрийн хяналт, эрүүл мэндийн байгууллагуудын сонгон шалгаруулалт, сангийн санхүүгийн удирдлага зэрэг мэргэжлийн шийдвэр гаргах чиг үүрэгтэй.

МҮЭХ-ноос даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд З.Цогтгэрэл, Ч.Нарантуяа нарын нэрийг дэвшүүлсэн бөгөөд сонсголд оролцсон УИХ-ын гишүүд, иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөл нэр дэвшигч нараас асуулт асууж, холбогдох саналыг хэллээ.

Замбал овогтой Цогтгэрэл нь 2001 онд Нийгмийн ухааны дээд сургуулийг багш, судлаач мэргэжлээр төгсөж, 2012 онд Удирдлагын акедеми “Төрийн удирдлагийн мэргэшүүлэх”, 2019 онд Отгонтэнгэр их сургууль эрх зүйч мэргэжлээр бакалавр, 2020 онд Хөдөлмөр НХД сургуулийг магистр зэрэгтэй тус тус төгссөн. 2001-2012 онд Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургуульд багш, 2012 оноос одоог хүртэл Монголын Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоонд ажиллаж байгаа аж.

Чагнаа овогтой Нарантуяа нь 2001 онд Хөдөлмөрийн дээд сургууль, 2013 онд Хөдөлмөрийн дээд сургууль/магистр/, 2018 онд Отгонтэнгэр их сургуулийг тус тус дүүргэсэн.1983 онд Баянхонгор аймгийн Гурван булаг сумын ерөнхий боловсролын сургуулийн багш, 1987 онд Баянхонгор аймгийн Гурван булаг сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны бичээч, бичиг хэргийн эрхлэгч, 1994 онд Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны бичээч нарийн бичгийн дарга, 2000 онд Орхон аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, 2009 онд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга, 2022 онд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын албыг тус тус хашиж байна.

Сонсголыг хааж Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу уг нээлттэй сонсголыг зохион байгуулж байгааг тодотгоод нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын хоёр өдрийн дотор сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана. Тайланг Байнгын хороонд танилцуулна гэж байлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ерөнхий сайдын танилцуулгаас ОНЦЛОХ 10 эшлэл
Ерөнхий сайдын танилцуулгаас ОНЦЛОХ 10 эшлэл
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.