/2020.04.20/ Монголын ипотекийн корпораци /МИК/-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга М.Мөнхбаатар өөрийн хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгджээ. Түүний оронд эдийн засагч Ч.Хашчулууныг томилсон байна.
Эдийн засагч Ч.Хашчулууныг Монголдоо "толгойтой" гэгддэг эдийн засагчдын тоонд оруулдаг. Тэр 1966 онд Улаанбаатар хотод төрсөн, Москвагийн улсын их сургуулийн Эдийн засгийн факультетийг 1989 онд Улаан дипломтой төгсчээ. МУИС-ийн Эдийн засгийн сургуульд эдийн засгийн онолын багшаар ажилласан, Токиогийн Гадаад судлалын их сургуульд аспирантурт судлаач оюутнаар хоёр жил мэргэжил дээшлүүлсэн, Япон Улсын Йокохама хотын их сургуульд “Хөгжиж буй орон дах инфляци ба валютын ханшийн макроэдийн засгийн загвар” сэдвээр магистрийн зэргийг хамгаалсан, Токиогийн Кейо их сургуульд эдийн засгийн онолын чиглэлээр докторантурт суралцсан, “Жижиг нээлттэй эдийн засаг дахь гадаад худалдааны либералчлал ба аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт” сэдвээр докторын зэргийг хамгаалсан, МУИС-ийн ЭЗС-ийн захирлаар ажиллаж байжээ.
МИК нь Хөгжлийн банк болон бусад арилжааны банкуудын хамтран хувь эзэмшдэг ХХК юм.