/2022.04.19/ Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хийсэн судалгаагаар өдөрт дундажаар 1,000 гаруй харилцагчийн дансыг ашиглан, 2000 орчим мөрийтэй тоглоомтой холбоотой гүйлгээ хийгдэж байгаа судалгаа гарсан байна.
Үүнтэй холбоотойгоор Улсын ерөнхий прокурорын газар, Монголбанк, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагууд арилжааны банкны данс ашиглан цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа болон хэсэг бүлгээрээ нэгдэн мөрийтэй тоглож байгаа гэмт хэргийг таслан зогсоохоор хамтран ажиллаж байгаа аж.
Одоогоор цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 43 сайтын хандах эрхийг хязгаарлаж, тухайн сайтуудад байршуулан мөнгө татан төвлөрүүлэх, тараалт хийх зэргээр ашиглаж байсан 25 дансанд хязгаарлалт тогтоожээ. Мөн их хэмжээний мөнгийг битүүмжлэн авч, зохион байгуулагч нарыг тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Иргэд болон хэвлэл мэдээллийн байгуулагынхан та бүхэн цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж буй сайт болон энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагын 51261749 тусгай дугаарт ирүүлнэ үү.
Мэдээлэл өгсөн иргэн, байгууллагын нууцлалыг хангаж хамтран ажиллана.