/2022.04.19/ Өчигдөр Архангай болон Орхон аймагт ноцтой гэмт хэрэг гарчээ. Тодруулбал,
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дэвсгэрт хоолойг нь зүссэн шархтай эмэгтэй нас барсан байна гэх дуудлага тус аймгийн цагдаагийн байгууллагад иржээ. Аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүн дуудлагын дагуу хэргийн газарт ажилласан байна.
Хэргийн газарт ажиллахад 47 настай, эмэгтэй Д нь гэрийнхээ гадаа хоолой хэсэгтээ зүсэгдсэн шархтай нас барсан байсны дагуу шалгалт явуулжээ. Үүний дагуу хохирогчийн амь насыг хохироогч нь 38 настай, эрэгтэй М гэгч болохыг тогтоожээ. Сэжигтэн М нь хохирогч эмэгтэйн нөхрийнх нь хамаатан юм байна. Амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтан дайжсан сэжигтэн эзэнгүй айлын байранд орж нуугдсан байжээ. Улмаар өөрийнхөө хэвлийн тус газар гурван удаа хутгалсан байдалтай байхад нь дайчлан баривчилж, шалгалтын ажиллагааг хийж байгаа аж.
Мөн өдрийн 03:44 цагт "Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт эрэгтэй хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл иржээ. Мэдээллийг авч, тус аймгийн цагдаагийн газраас шалгалт хийсэн байна. Шалгалтаар 36 настай, эрэгтэй Ж-гийн амь насыг хамт архидан согтуурсан, 36 настай, эрэгтэй Ч гэгч нь хохироосон болохыг шуурхай илрүүлэн шалгаж байна. Хохирогчийн биеийн хэсгүүдэд хайчаар дүрж гэмтээсэн байжээ.
Эх сурвалж: ЦЕГ