/2022.04.16/ "Ковид-19" цар тахлын улмаас гурав дахь долоо хоногтоо хатуу хөл хорионы дэглэмд буй Шанхай хотын оршин суугчид өчигдрөөс гэрээсээ гарч, цагдаа болон албаныхны эсрэг ширүүн эсэргүүцэл үзүүлэх болсон байна. Засгийн газраас “Тэг ковид” бодлогын хүрээнд зөвхөн Шанхай хотод л гэхэд 25 сая гаруй хүн хөл хорионд орсон. Харин иргэдэд шаардлагатай хоол хүнсийг нь гэрээс нь гаргалгүйгээр түгээж байгаа. Гэсэн хэдий ч оршин суугчид сүүлийн үед засгаасаа өгч буй хоолны амт чанар болон хүрэлцээнд нь сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх болсон юм.
Вирусийн дэгдэлттэй тэмцэх хүрээнд тус хотын удирдлагууд зарим орон сууцны хороолол болон үзэсгэлэнгийн танхим, сургууль зэргийг бүхэлд нь хорио цээрийн төв болгож байгаа аж. Гэсэн хэдий ч ковидийн тохиолдлын тоо өдөрт 20 мянгаар хэмжигдэж байгаа аж.