/2022.04.15/: Өөрийгөө жолооддог автомашинууд гудамжаар сүлжилдэж, АНУ-ын хурдны замаар давхилдах болсонтой холбогдон дараах асуултууд гарч ирж байгаа билээ: Машиныг жолоодож буй компьютерууд хүнтэй адил самбаачилж, аюулгүй байдлыг хангаж чадах уу? Тэдэнд зориулан гудамж замын зохион байгуулалтыг дахин төлөвлөх шаардлагатай юу? Ер нь энэ автомат жолоодлогын технологи яг хэрэгтэй зүйл мөн үү гэх мэт.
Дээрх том том асуултуудад хариулт олохоор чухал хүмүүс толгойгоо ажиллуулж байх хооронд өөр жижиг сажиг асуудлууд гарч ирсээр байна. Тухайлбал, жолоочгүй автомашиныг цагдаа зогсоовол яах ёстой вэ?
Энэ сарын эхээр АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотын эргүүлийн цагдаа нар болон Cruise хэмээх стартап компанийн мэдлийн автомат жолоодлоготой такситай холбоотой нэгэн үйл явдал болсон нь дээрх асуултыг тавихад хүргэжээ. Тухайн үед болж өрнөсөн сонирхолтой үйл явдлыг хэн нэг нь утсан дээрээ бичлэг болгон хадгалж, Инстаграм дээр нийтэлсэн байна.
Cruise нь General Motors-ын хөрөнгө оруулалттай гарааны бизнес бөгөөд Сан Франциско хотод автомат жолоодлоготой таксины үйлчилгээ нэвтрүүлж, оройн 10 цагаас өглөөний 6 цаг хүртэл дуудлагаар үйлчилдэг ажээ.
Бичлэг дээр Cruise компанийн такси замын хажуу руу зогсож, цагдаа нар машинаасаа бууж ирээд, зогссон автомашины жолоочийн хаалганы дэргэд ирээд, хаалгыг нээх гэж оролдтол, хажуугаар нь яваа хүн “Наад машинд чинь хэн ч алга” гэж хэлж байгаа нь бууж үлджээ.
Гэтэл дээвэр дээрээ битүү хөдөлгөөн мэдрэгч зоосон Chevrolet Bolt такси гэнэт өөрөө хөдөлж, уулзвар нэвтрэн гарсныхаа дараа аваарын гэрлээ асаан зогсож, цагдаа нар гурвуулаа болж ирээд машины цонхоор өнгийхөд хажуугаар яваа хүмүүс шоолон инээлдэж байгааг та олж харах болно.
Cruise компанийн төлөөлөгч Insider вэбсайтад хэлэхдээ “тус машиныг дөрөвдүгээр сарын 1-ний өдөр ойрын гэрлээ асааж хөдөлгөөнд оролцоогүй гэсэн шалтгаанаар цагдаа зогсоосон” гэжээ. Энэ нь тус компанийн машинууд цаанаасаа шаардлагагүй үед ойрын гэрэл асаалгүйгээр хөдөлгөөнд оролцохоор програмчлагдсантай холбоотой байх хэмээн Твиттер хуудсаараа ч мөн мэдэгдсэн байна.
Манай машин цагдаагийн машины дохиог дагаж, замын хажуугийн хамгийн аюулгүй цэгийг сонгож зогссон. Цагдаагийн ажилтан Cruise компанийн ажилтантай энэ асуудлаар утсаар холбогдсон бөгөөд ямар нэгэн торгууль бичээгүй юм байна. Ташрамд дурдахад Cruise компани нь Сан Франциско хотын цагдаагий газартай энэ мэт ижил төстэй асуудлаар шууд холбогдох утасны шугам ажиллуулдаг ажээ.
Insider сайтад өгсөн цагдаагийн газрын мэдээллээр уг үйл явдал оройн 10 цагийн орчимд болсон бөгөөд цагдаагийн ажилтнууд Cruise компанитай холбоо барьж, техникийн баг дуудсан ба тэд ирж машиныг хяналтандаа авсан гэжээ.
Энд нэг чухал асуудал шинээр хөндөгдөж байгаа нь, хэрэв автомат жолоодлоготой автомашин замын хөдөлгөөний дүрэм зөрчих буюу зам тээврийн осол гаргавал хэнийг буруутайд тооцох вэ гэсэн асуулт юм. Нэг жишээ дурдахад, 2018 онд Uber компанийн автомат жолоодлоготой автомашин туршилтын жолоодлого хийж байх үеэрээ явган зорчигчийг дайрч, амь насыг нь хохироосон хэрэг гарч байв. Энэ хэрэгт тухайн үед автомашиныг болзошгүй үед гараар удирдах ёстой байсан нөөц жолоочийг “санамсар болгоомжгүйгээр хүний амь нас хохироосон” хэрэгт буруутгаж байсан түүхтэй юм.
Эх сурвалж: businessinsider