/2022.04.15/: Монгол орны цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан жил бүрийн хавар бүтээн байгуулалтын ажил эхэлдэг.
Барилгын салбар яг одоо манай улсын хамгийн их авлигад идэгдсэн салбаруудын нэгд тооцогдож байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд газар, барилгын зөвшөөрөл, улсын хүлээн авах комисс зэрэг олон үйлчилгээг цахимжуулаад байна.
Салбарын шинэчлэлийн хүрээнд газрын харилцааны үйлчилгээг цахимжуулах зорилгоор Egazar.gov.mn цахим хуудас, гар утасны аппликейшнийг мөн ажиллуулж эхлээд байна.
Хотын даргын хэлснээр авлигатай холбоотой олон асуудлыг шийдвэрлэхийн тулд газар зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай байна. Тухайлбал, худалдан авсан хөрөнгийн хууль ёсны бүртгэлтэй болгох болно. Ингэснээр Улаанбаатар хот авлигаас ангид болоход нэг алхам урагшилж, авлигын төсөөллийн индекс ч буурах ач холбогдолтой юм.
Ирэх зургадугаар сарын 1-нээс барилга барих зөвшөөрлийг бүрэн цахимжуулж, эдгээр үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгоно.
Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж, хуулийн этгээдээс ирүүлсэн 14 мянга гаруй санал, хүсэлт, гомдолд дүн шинжилгээ хийж, гомдлын дийлэнх хувийг газар, барилгын салбартай холбоотой гомдол эзэлж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Газрын үйлчилгээг цахимжуулснаас хойш газар, барилгын салбартай холбоотой санал гомдол эрс багассан. Одоо 2022 оны зургадугаар сарын 1 гэхэд барилга угсралттай холбоотой 40 нэр төрлийн үйлчилгээг цахимжуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна гэлээ.
Эх сурвалж: НЗДТГ