Г.Дамдинням: Халтар сайд аа, гөлөг төөрүүлж байгаа юм шиг хариулт хэлмээргүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням: Халтар сайд аа, гөлөг төөрүүлж байгаа юм шиг хариулт хэлмээргүй байна

/2022.03.31/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болж байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалттай холбоотойгоор дараах зүйлийг хэллээ. Тэрбээр:

-Өнгөрсөн нэгдүгээр сард манай 5 гишүүний бүрэлдэхүүнтэй Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг ЗТХЯ дээр очиж үүрэг чиглэл өгч ажиллах гэсэн ч УИХ-тай хамтрах ажил байхгүй, бид ажлаа маш сайн хийж байгаа гэсэн бичиг явуулсан.

Санхүүжилт байхгүй бол энэ ажил чинь эхлэхгүй байна. Та нар тогтоолын төсөл гэж нэрийг нь нуугаад байгаа болохоос үнэн хэрэгтээ төслүүд чинь л гацаж байгаа асуудал. Ажилдаа хариуцлагатай ханд л даа та нар. Санхүүжилт байхгүй юм чинь тэр хүмүүс яаж ажилдаа орох юм бэ. Тэр зам дээр хэчнээн хүн амь нас, эрүүл мэндээ асуудалд оруулаад явж байгааг бүгд харж байгаа.

Ажилдаа хариуцлагатай ханд нөхөд өө. Та нарын өмнөөс бид нар иргэдэд загнуулж байна. Энэ миний үг биш. Дархан-Уул аймгийн иргэдийн үг.

Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар:

-Замын бүтээн байгуулалт хоёрдугаар сарын 1-нд эхлэх ёстой байсан ч эхлүүлсэнгүй гэж Дамдинням гишүүн шүүмжилж байх шиг байна. Үүнд бага зэрэг эргэлзэж байна. Өвлийн сар дуусаагүй байхад барилгын ажил эхэлнэ гэж байхгүй. 2022 оны гуравдугаар сарын 15-наас барилгын ажлыг эхлүүлнэ гэж танд хэлж байсан. Зөвлөх компанитай ярьж байгаад барилгын ажлыг хоёрдугаар сарын 15-нээс эхлүүлсэн.

Харин одоо бол газар шорооны ажил эхэлж байна. Бид энэ жил тавьсан зорилгоо биелүүлээд явчихна. биднийг 7 хоног бүр мэдээ өг гэж байна. Одоо замын ажил эхэлчихсэн учир яваандаа өгөөд явна.

Нэмж нэг зүйл хэлэхэд тэнд ажиллаж байгаа инженер техникийн ажилчдын талаар сөрөг зүйл ярихаар тэдний урам хугарч байна. Мөн санхүүжүүлж байгаа банкны хувьд үл ойлголцол үүсэх гээд байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Халтар сайд аа, гөлөг төөрүүлж байгаа юм шиг хариулт хэлмээргүй байна. Би танаас дөрвөн жилийн өмнө хийчихсэн гэрээ, үндсэн чиглэлд тусгаад явж байсан зүйл энэ яагаад алга болчхов гэж асуусан. Гэтэл тэс өөр хариулт өгөөд байх юм.

Мөн инженер техникийн ажилчдын нэрийг барьж өөрийнхөө чадваргүй байгаа байдлыг нуумааргүй байна. Тэдгээр ажилчдад баярлалаа. Та бүхэн бол хичээж байгаа. Харин удирдаж байгаа энэ яам бол чадахгүй байгаа гэдгийг хэлье. Битгий гэмгүй хүмүүсийн араар нуугдаад бай.

ЭМЧ: Өндгөвчний уйланхай, хавдар
ЭМЧ: Өндгөвчний уйланхай, хавдар
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.