/2022.03.30/:
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” хоёрдахь өдрөө үргэлжилж байна.
Чуулганы өнөөдрийн хуралдааныг Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нээж үг хэллээ.
Тэрбээр Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үүрэг, амлалтаа биелүүлэхийн тулд Ерөнхийлөгчийн Тамгын газар холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдэд бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдгийг хэлэв.
Мөн уур амьсгалын өөрчлөлтийг зогсооход бодит алхам хийж, шинэ техник, технологи нэвтрүүлэн, хүний нөөцөө бэлтгэж, ногоон санхүүжилт, тогтвортой хөрөнгө оруулалтаа нэмэхийг уриаллаа.
Өнөөдрийн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын нэг чиглэл болох “Ногоон хөгжлийн сэргэлт-Онцлох төслүүдийн санхүүжилт”, “Ногоон санхүүжилт-Санхүүгийн салбарын үүрэг, оролцоо”, “Ногоон тогтвортой хөгжлийн бонд гаргах боломж” зэргийн талаар хэлэлцэж, зөвлөмж гаргана.
Мөн чуулганы үеэр санхүүгийн болон бизнесийн салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, нийт 88.6 сая мод тарьж ургуулах батламжид гарын үсэг зурах юм.
Эх сурвалж: ЕТГ