/2022.03.24/ Мөнгөний бодлогын шийдвэр танилцуулах хэвлэлийн хурал болж байна.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Статистикийн тоон мэдээллээс харахад инфляц өсөж буй шалтгааны 50 хувийг импортын бараа бүтээгдэхүүн эзэлж байна. Хилийн боомтын хязгаарлалтаас үүдэн импортын барааны үнэ буурахгүй, цаашид ч үнэ өсөж магадгүй байна.
Гадаад улс оронд болж буй нөхцөл байдал үргэлжилсээр байвал газрын тос, хүнсний үнэ, гадаад инфляц эрчимжих эрсдэлтэй.
Дэлхийн бүх банкууд инфляцын төсөөллөө нэмэгдүүлж байна. Бидний хувьд ч мөн инфляцын хүнд дарамттай жил байна гэж төсөөлж байна. Энэ жил эдийн засаг мөн бууралттай байх болов уу.
Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар бодлогын хүүг 2,5 нэгжээр нэмэгдүүлж 9 хувьд хүргэхээр шийдвэрлэлээ. Гадаад худалдаа, төлбөрийн тэнцэлд дарамт ирж байгаа учир мөнгөний бодлогын хүүг өсгөх нь зөв гэж үзсэн. ОУ-д болж буй асуудлаас болж огцом арга хэмжээ авахад хүргэлээ.
Монголбанкны зүгээс цаашдын эдийн засгийн сэргэлт, инфляцын өрнөл, ОУ-ын харилцааны нөхцөл байдал зэргээс хамаарч мөнгөний бодлогын дараагийн алхмыг тухай бүрт нь хэрэгжүүлж ажиллах болно.
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын дарга Б.Баярдаваа:
-Өнөөдөр инфляц 14 хувьтай байна. Энэ нь бодлогын хүүг нэмэгдүүлэх нэг шалтгаан нөхцөл болсон. Гадаад улс орнуудын өнөөгийн нөхцөл байдлаас дэлхий нийтээр 2-3 хувийн инфляцын өсөлттэй байна. Энэ үзэгдэл манай улсыг тойрсонгүй. Бид инфляцын төсөөллөө өөрчлөн, энэ оны эцэс гэхэд 13 хувь байна гэж тооцоолж байна. Тодорхойгүй байдал үүссэн тул бид эрсдэлээ бууруулах зорилгоор бодлогын хүүг өсгөлөө.