/2022.03.24/: Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский лхагва гарагийн орой фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн видео мессеждээ Оросуудад хандан “Хөвгүүдээ дайнаас авраач” гэж хэлжээ.
Украин Оросын аюулгүй байдалд хэзээ ч заналхийлж байгаагүй гэж Зеленский хэлээд Оросын суртал ухуулагчид "Та бүгдийн татвараар санхүүжиж байгаа дайны талаар та нарт худал хэлж байна" гэж нэмж хэлэв.
Украинчууд газар нутагтаа энх тайван тогтоохын тулд чадах бүхнээ хийж байна гэж тэр хэлэв.
"Танай биш, манай газар нутаг руу дайрч байна. Бид энэ дайныг зогсоохын тулд чадах бүхнийг хийж байна. Бид амжилтанд хүрвэл энэ нь мэдээж сайн хэрэг" гэж тэр хэлэв.
"Оросын анхны төлөвлөгөө түрэмгийллийн эхний хоёр өдрийн дотор бүтэлгүйтсэн ч Орос хаанаас ч юм хүн хүчээ авсаар байна" гэж мэдэгдэв.
"Тоног төхөөрөмж, агаарын бөмбөг, пуужин гэх мэт зэвсгүүдийг авчирсаар, зэвсэглэсээр байна. Мөн дэлхий даяар хөлсний цэргүүдийг хайж, татан авч байна. Энгийн иргэд рүү буудах чадвартай бол хог шаар байсан ч цэрэгт татаж байна" гэж Зеленский хэлэв.
"Оросын цэргүүд манай хотуудыг сүйтгэж байна. Энгийн иргэдийг ялгалгүй алж эмэгтэйчүүдийг хүчирхийлж, хүүхэд хулгайлж, дүрвэгсэд рүү буудаж, хүмүүнлэгийн цувааг олзолж байна. Тэд дээрэм тонуул хийж байна. Музейг шатааж, сургууль, эмнэлгүүдийг дэлбэлэв. Тэдний бай нь их дээд сургууль, орон сууцны хороолол юм. ... Юу ч байсан, Оросын цэргүүд муугийн хил хязгаарыг мэддэггүй" гэлээ.
Эх сурвалж: CNN