Оросын иргэдийн дунд VPN үйлчилгээний эрэлт эрс нэмэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросын иргэдийн дунд VPN үйлчилгээний эрэлт эрс нэмэгджээ

/2022.3.11/ Оросын засгийн газраас Украйн руу хийж буй дайралттай холбоотойгоор интернэтийн хориг хязгаарлалт идэвхижүүлж, Фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээний платформуудын хандалтыг хаахаар шийдээд байгаа билээ.

Иймд тус улсын иргэд VPN үйлчилгээ ашиглан, төрөөс тогтоосон интернэтийн хязгаарлалтыг нэвтэлж, дэлхий ертөнцтэй холбогдох, төрийн мэдлийн мэдээллийн хэрэгслүүдээс өөр бусад эх сурвалжаас мэдээ мэдээлэл олж авахаас өөр аргагүй байдалд хүрчээ.

VPN гэдэг нь Virtual Private Network буюу хэрэглэгчдийг газарзүйн байршлаа нуух замаар газарзүйн байршилд суурилсан элдэв хориглолт хаалтад өртөхгүй байх боломж олгодог үйлчилгээ бөгөөд интернэтийн урсгалыг шифрэлж нууцалдгаараа аюулгүй байдлын давуу талыг ч мөн үүсгэдэг.

Top10VPN.com сайтын мэдэгдсэнээр ОХУ-д 3-р сарын 5-ны өдрөөс эхлэн Фэйсбүүк сүлжээнд хандах эрхийг хааснаас хойш VPN үйлчилгээний эрэлт 1092%-иар өсчээ. Тус сайтын судалгаагаар Украин улсад дайн эхлэхээс өмнөх үеийг одоогийнхтой харьцуулбал, мөн л VPN үйлчилгээний эрэлт 609% өсөлттэй байгаа ажээ.

Хэрэглэгчдийн хамгийн ихээр ашигладаг найман төрлийн VPN аппликэйшний татан авалт хоёрдугаар сарын 15-нд 12848 байсан бол гуравдугаар сарын 7-ны байдлаар энэ тоо 415 547 болж нэмэгдсэн талаар Apptopia сайт мэдээлсэн байна.

VPN үйлчилгээ үзүүлэгч компаниуд ч энэ мэдээллийг баталгаажуулж байгаа ба Surfshark компани л гэхэд Орос улс Украин руу халдан довтолж, барууны хэвлэл мэдээллүүд болон Фэйсбүүкийг хааснаас хойш Орос дахь 7 хоног тутмын борлуулалт нь 3500 хувиар өсөөд байгаа талаар мэдээлжээ.

Мөн ExpressVPN компанийн вэбсайт руу ирж буй хандалт өнгөрсөн 7 хоногт ОХУ-аас 330%, Украинаас 130% тус тус нэмэгдсэн бол Proton компанийн сарын борлуулалт 1000%-иар нэмэгдсэн бөгөөд тус компанийн захирал, үүсгэн байгуулагч, Энди Иен

“Үйлчилгээний эрэлт ингэж нэмэгдсэнд гайхахгүй байгаа. Украин болон Оросын иргэдийн хувьд онлайн орчинд хувийн мэдээллээ хамгаалах болон эрх чөлөөтэйгээр гадаад ертөнцтэй харилцах хүсэл их байгааг ойлгож байгаа” гэжээ.

VPN үйлчилгээ ашиглах нь одоогоор ОХУ-ын хуулиар зөвшөөрөгддөг ч, хуулиар хориглосон контен руу VPN ашиглан хандах нь харин хууль бус. Тиймээс Оросын эрх баригчид одоогийн байдлаар 15 VPN үйлчилгээг тус улсад хориглоод байгаа гэж Top10VPN.com сайтын судалгааны албаны дарга Симон Мильяно тайлбар хийсэн юм. Мөн тэрээр

“Авторитар дэглэмүүд иргэдийнхээ алхам бүрийг хянаж, мэдээлэлд хандах эрхийг нь хаан боомилох, өөр хоорондоо чөлөөтэй харилцах эрхэд нь халдах тохиолдолд бидэнд хүндрэл учирдаг. Учир нь Оросын засгийн газар аль хэдийн VPN үйлчилгээг сүлжээний урсгалын түвшинд нь хаахаар оролдож эхлээд байгаа. Энэ нь муур хулгана болж тоглохтой ижил үйл ажиллагаа бөгөөд аз болоход бидэнд Хятадын засгийн газрын цензуртэй амжилттай тэмцсэн арвин туршлагынхаа ачаар Оросын хэрэглэгчид аюулгүй байдлын үүднээс серверээ солих, өөр өөр аппликэйшн ашиглах зэрэг бүхий л тохиолдолд гадны VPN программууд албан ёсоор хориглосон мэдээллийн сайтууд, гадаадын олон нийтийн сүлжээнд хандах эрхийг нээлттэй хэвээр үргэлжлүүлсээр байна” гэж Axios сайт руу илгээсэн цахим шуудандаа дурдсан юм.

Бослого үймээнтэй холбоотойгоор засгийн газрууд интернэт хэрэглээг хязгаарлах тохиолдолд интернэт орчинд VPN хэрэглээний эрэлт эрс нэмэгддэг болох нь хамгийн сүүлийн жишээ болох Казакстан, Нигери, Мьянмар улсуудад ажиглагдсан байна.

Тухайлбал, Казакстанд засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал үймээн болж, эрх баригчид интернэт холболтыг хязгаарлахад VPN ашигладаг хүмүүсийн тоо 3405 хувиар нэмэгдсэн мэдээлэл Top10VPN.com сайтад нийтлэгдсэн. Мөн Хонк Конгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль батлагдахад Surshark VPN-ийн борлуулалт 700 хувиар нэмэгдсэн талаар компанийн хэвлэлийн төлөөлөгч Габриель Ракайтит өмнө нь мэдэгдэж байсан удаатай. Харин энэ удаагийн ОХУ-ын VPN хэрэглээний өсөлтийн талаар мэргэжилтнүүд төдийлөн таамаглаагүй байсан бололтой.

Энгийн иргэдтэй харьцуулахад сэтгүүлчид ноцтой баримтууд, чухал мэдээллүүд дамжуулах, эрж хайх хэрэгцээтэй байдаг тул VPN ашиглах нь нэн тэргүүний шаардлага юм. Засгийн газрууд энгийн иргэдийг нэг бол айсандаа, эс бөгөөс тоомжиргүй зангаасаа болоод интернэтийн хориглолтыг давж гарч чадахгүй гэж үздэг. Энэ аргаар л тэд эрх мэдлээ зузаатгаж авдаг жамтай гэж Top10VPN.com сайтын Мильяно цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: https://www.axios.com

Хойд Солонгос тив алгасах пуужингийн системийг туршжээ
Хойд Солонгос тив алгасах пуужингийн системийг туршжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.