/2022.02.28/ Гадаад харилцааны яамнаас Украин дахь иргэдээ татан авах ажлын явцын талаар мэдээлэл хийж байна.
Гадаад харилцааны яамны ТНБД Н.Анхбаяр:
-Хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 24 иргэнийг Польш улсад авчирсан байна. Өчигдөр гурван иргэн эх орондоо ирсэн. Мөн гуравдугаар сарын 3-нд 15 иргэн Монголд ирнэ. Гурван иргэний билэт өнөөдөр албан ёсоор баталгаажсан. 2 иргэн тэндээ сайн дураараа үлдэхээр болсон. Одоо Укриан-Польш улсын хил дээр 8 иргэн байна. Элчин сайдын яамны ажилтнууд хилийн зурвас руу орж иргэдээ авахаар ажиллаж байна.
Манай улсын 23 иргэн Харьков хотод байгаа. Үүний 18 нь оюутан байна" гэв. Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Харьковд байгаа иргэд хоргодох байранд байгаа юу?
-Харьковд байгаа 18 иргэн бүгд хоргодох байранд байгаа.
-Украинд байгаа оюутнуудыг тохуурхсан гэдэг мэдээллийг тэнд оюутнууд өгсөн. Энэ асуудлаар холбогдох албаны хүмүүст хариуцлага тооцох уу?
-Хариуцлагын асуудал дараа яригдана. Холбогдох элчин сайдын яам, ажилтнуудад хариуцлага тооцно. Одоо бол Украинд байгаа иргэдээ аюулгүй эх оронд нь авчрах чухал байна.
-Өнгөрсөн долоо хоногт мэдээлэл өгөхдөө Украинд байгаа оюутнуудад мөнгөн тусламж үзүүлнэ гэж байсан. Нэг оюутанд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ?
-1,2 сая төгрөгийн мөнгөн тусламжийг нэг оюутанд шилжүүлсэн.
-Оюутнуудтай хамгийн сүүлд хэзээ холбогдсон бэ? Холбоо тасрах эрсдэл байна гэсэн мэдээллийг оюутнууд өгсөн?
-Холбоо тасрах эрсдэл байгаа. Тиймээс хаана байвал зохимжтой вэ гэдэг дээр зөвшилцөж байна. 6.15 минутад холбогдсон.
-Украин иргэнтэй гэр бүл болсон хэдэн монгол иргэн байдаг вэ?
-10 орчим иргэн байна. Тэдгээр иргэдийг авчирна.
-Украинд манайхаас гадна хэдэн орны хичнээн оюутан байдаг вэ?
-150 орны 78 мянган оюутан сурдаг гэсэн мэдээлэл байна. Ялангуяа нөхцөл байдал хүнд байгаа Харьков хотод дийлэнх нэр хүндтэй 10 гаруй сургууль нь байдаг.