2021.08.02
Монгол Хятадын инженер техникийн 500 гаруй ажилчид гүйцэтгэж, 2019 оны 9 дүгээр сард олон нийтээс нэрний санал асуулга авч, сүр дуулиантайгаар "Олимпийн гүүр" хэмээн нэрлэж нээлтээ хийсэн цагаас хойш даруй 2 жилийн хугацаа өнгөрчээ.
Гүүрийг давж өнгөрвөл БЗД, ХУД-ийн хэд хэдэн хороод оршин байдаг. Жишээ нь:
ХУД-ийн 15 дугаар хороо л гэхэд гүүр даваад оршиж байгаа. Тус хороонд л гэхэд нийт 25400 хүн оршин суудаг байна.
Өдөр бүр тус гүүрээр урсан өнгөрөх машинтай зэрэгцээд ахмад настай иргэд, багачууд алхан өнгөрч, басхүү дугуй унасан залуус эрсдэлтэй энэ нөхцөлд явсаар байна.
Биднийг тухайн байршилд сурвалжилга хийх үед бага насны хүүхдээ дагуулсан өндөр настан:
- "Машин явахад бол сайхан гүүр ээ. Аа харин хүн алхахад аймшигтай. Бага насны хүүхдийг ганцааранг нь явуулахын аргагүй. Байнга урдаа хөтлөөд явахгүй бол болохгүй байдаг." гэсэн юм.
Мөн дугуй унаж явсан залуу:
- "Түгжрэлтэй байхад ардаас олон машин сигналдаад, айдастай байдаг" хэмээн хэллээ.
Гүүрний доод талд явган хүний "ТҮР" гүүр байршуулсан байсан ч үүгээр явахад мөн л хүндрэлтэй байв. Иргэд, оршин суугчиддаа ээлтэй бус энэхүү төлөвлөлт хэзээ ХҮН төвтэй болох бол?