/2022.01.19/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Сангийн сайд Б.Жавхлан, " Өнөөдрийн байдлаар хүүхдийн мөнгө авдаг 1 сая 210 мянган хүүхэд байна.
Энэ жилээс хүүхдийн мөнгийг сонголттой олгодог болсон. Өөрөөр хэлбэл төрийн санд хадгалах эсвэл төрийн сангаас татаж авч ашиглах гэсэн хоёр сонголтоор авах боломжтой. Энэ шийдвэр долоодугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Харин үүнээс хойш 50 мянган төгрөг нь хүүхдийн хадгаламжид орж үлдсэнийг нь яаж авахаа тухайн хүүхэд эсвэл асран хамгаалагч нь шийднэ.
Хүүхдийн мөнгийг төрийн сан эсвэл банканд өндөр хүүтэй хадгалуулж болно. Төрийн сан гэхээр Засгийн газрын найдвартай банк болох Төв банканд хадгалагдана. Мөн арилжааны банканд хадгалсан ч ямар нэг эрсдэл үүсэхгүй. Манайх 2009 оноос хадгаламжийн даатгалын тогтолцоонд шилжсэн. Өөрөөр хэлбэл 20 сая төгрөг хүртэлх иргэдийн нийт хадгаламжийг улс хариуцаж, менежментийг нь хийж бүрэн даатгадаг. Тиймээс 20 сая хүртэлх хүүхдийн мөнгөн хадгаламж аль ч банканд ямар ч хэлбэрээр байсан ямар ч эрсдэлд орохгүй.
Мөнгөн хуримтлал үүсгэсэн хүүхэд 18 нас хүрэхдээ дор хаяж 20-22 сая төгрөгийн хадгаламжтай болно. Тэгэхээр тухайн хүүхдийг хөрөнгө оруулагч иргэн болгож төлөвшүүлж байна гэсэн үг юм. Тухайн хүүхэд нас биед хүрээд сургалтын төлбөрөө өөрөө төлж, анхны ажлын байраа бий болгох зэрэгт дээрх хуримтлуулсан мөнгөө зарцуулах юм" гэлээ.