/2021.12.10/ Олон улсын хүний эрхийн өдөр болж байгаатай холбоотойгоор "Хүний эрхийн Үндэсний форум-2021" өнөөдөр Засгийн газрын ордонд болж байна. Тус форумын "Хүний эрхийн төлөв байдал: Өнгөрсөн, одоо, ирээдүй" сэдэвт үндсэн илтгэлийг Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг гүйцэтгэгч Ж.Хунан эхлүүллээ. Тэрээр:
ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛУУЛАХ, ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА
- "Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ хүртээмжгүй, боловсон хүчний мэргэшсэн байдал, төсөв хөрөнгө хязгаарлагдмал, өвчнийг оношлох, сэргээн засах, урьдчилсан сэргийлэхэд чиглэсэн ажил хангалтгүй байгаагаас иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх зөрчигдөж байна.
Нэг жишээг онцлойлон дурдмаар байна. Монгол Улсдаа ганц гэгдэх "Түлэнхийн төв"-ийн барилга 2011 онд төрийн өмчийн хорооны тогтоолоор актлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл өөрийн байргүй 9 жил долоон сар болж байна. 1991 онд 140 ортой ажиллаж байсан тасаг өнөөдөр 35 ортойгоор ГССҮТ-ийн хүүхдийн гэмтэл согог судлалын нэгдүгээр байранд үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл өөр тасгийн үйл ажиллагаа доголдож, тухайн тасагт хэвтэн эмчлүүлэх иргэдийн эрх зөрчигдөж байна. Энэ тохиолдлын хохирогч нь хүүхэд байгаа нь харамсалтай. Ямар ч үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ доголдох ёсгүй. 2020 оны байдлаар манай улсад 15922 хүн өвчний улмаас нас барснаас:
- 5221 зүрх судасны тогтолцооны,
- 2136 нь хоол боловсруулах тогтолцооны,
- 1076 нь амьсгалын тогтолцооны улмаас,
- 4159 хүн хавдрын улмаас,
- 2736 хүн гэмтэл хордлого, гадны шалтгаант бусад эмгэг,
- 594 хүн бусад шалтгаанаар нас барсан байна.
Дэлхийн түүхэнд хар толбо үлдээж буй ковид цар тахал бидэнд цахим шилжилт, өдөр ирэх тусам өөрчлөгдөх уур амьсгал нь хүн төрөлхтөнд шинэ сорил даваа бий болгож байна. Үүний зэрэгцээ цаг үеийн шаардлага өнгөрсөн үеийн сургамж, өнөөдрийн үнэлгээнд тулгуурлан цаашид хүний эрхэд суурилсан бодлого боловсруулах, хувьсан өөрчлөгдөж буй цар тахлын дараах дэглэмд нийцсэн нийгэм-эдийн засгийн оновчтой арга авах, баялгийн хуваарилалтыг шударгаар хийх шаардлагатай байна. Мөн хүний эрхийг хангах үндэсний бодлогыг өмнөх хөтөлбөрийн үнэлгээд суурилан шинэчлэх, хүүхэд хамгааллын тогтолцоог шинэчлэх, хүртээмжтэй болгох, эрүүдэн шүүхээс урьдчилсан сэргийлэх үйл ажиллагаа, хүний эрхийг хамгаалагчий хамгаалах механизм, хүн бүрд тэгш үйлчилдэг соёлыг төлөвшүүлэх, цахим шилжилттэй холбоотой цугларч буй хувь хүний нууц мэдээллийг хамгаалах, мэдээллийн эргэлтэд хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг нь ойрын хугацаанд хийгдэх ажил гэж харж байна.
Хүний эрхийг хангах, хамгаалах ажил хууль тогтоох, гүйцэтгэх, ХЭҮК, нутгийн өөрөө удирдах болон төрийн удирлагын байгууллага, хувийн болон иргэний нийгмийн байгууллагын идэвхитэй оролцоо, үр дүнтэй хамтын ажиллагаанаас хамаарна" гэв.