Прокурорын гаргасан гомдлын дагуу Ц.Санжаачойпэл нарыг цагдан хорихоор шийдвэрлэсэн гэв
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Прокурорын гаргасан гомдлын дагуу Ц.Санжаачойпэл нарыг цагдан хорихоор шийдвэрлэсэн гэв

/2025.7.24/ Сүүлийн өдрүүдэд олны анхаарлыг татаад байгаа “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл нарын нэр бүхий 4 хүнд холбогдох хэргийн талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тодрууллаа.

2025 оны 07 дугаар сарын 19-ний шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нар нь хохирогч Д.С-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал ирүүлснийг прокурор үндэслэлтэй гэж үзэн яллагдагчаар татсан.

Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг цагдан хорих мөрдөгчийн саналыг үндэслэн прокурор Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 14:00 цагт цагдан хорих тухай санал хүргүүлсэн боловч шүүхээс прокурорын саналыг хүлээж авахаас татгалзсан.

Шүүгчийн шийдвэрийг хүлээн авснаар гомдол гаргадаг хуулийн зохицуулалтын дагуу прокурор 2025 оны 07 дугаар сарын 23-ны 09:10 цагт хүлээн авч, шүүгчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж гомдлоо 13:40 цагт шүүхэд хүргүүлсэн.

Шүүхээс прокурорын гаргасан гомдлын дагуу Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлээд байна гэв.

Энэ хуулийн заалт нь:

20.16 дугаар зүйл.Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах

1.Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж;

2.2.бусдын эд хөрөнгийг дээрэмдэж;

2.3.галдан шатааж;

2.4.бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж;

2.5.бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

“Эрдэнэс Тавантолгой” хк-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчийн баг томиллоо
“Эрдэнэс Тавантолгой” хк-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчийн баг томиллоо
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.