АТГ-аас Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгө хууль ёсных гэж мэдээлэв
 

АТГ-аас Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгө хууль ёсных гэж мэдээлэв

/2025.7.24/ Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг өөрийн хүү Тэмүүлэнгийн их хэмжээний тансаг зарцуулалтыг нотлохыг иргэд шаардаж Сүхбаатарын талбайд олон хоног жагссан. Улмаар Л.Оюун-Эрдэнэ УИХ-аар "Итгэл үзүүлэх" тогтоолын төслийг хэлэлцүүлсэн боловч олонхийн дэмжлэг авч чадалгүйгээр Ерөнхий сайдын суудлаасаа огцорсон.

Гэсэн хэдий ч тэрбээр өдгөө УИХ-ын гишүүн хэвээр үлдсэн. Л.Оюун-Эрдэнэ нь бизнес эрхэлдэггүй, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдсанаар Херо энтертайнмент студийн хувь эзэмшигч. Тиймээс хүүгийнх нь зарцуулсан хөрөнгө хууль ёсны эсэхийг шалгуулахаар иргэн АТГ-т хандсан. АТГ-аас хэргийг шалгаж байгаа талаар мэдээлж байсны эцэст өчигдөр буюу долоодугаар сарын 23-ны өдөр, 60 хоногийн дараа дараах мэдээллийг өглөө. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

АТГ-ын ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд асан, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хүү иргэн О.Тэмүүлэнтэй холбоотойгоор цахим орчин, хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд гарсан болон иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээллүүдийг нэгтгэн Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баримтлан Авлигатай тэмцэх газраас хянан шалгалаа.

Нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв мэдүүлэх, хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүргийг хуулиар хүлээдэг. Харин иргэн О.Тэмүүлэн нь өөрийн хөрөнгө, орлогыг мэдүүлэх, тайлбарлах үүрэг бүхий нийтийн албан тушаалтан биш юм. Хяналт шалгалтаар гомдол, мэдээлэлд дурдагдсан О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдлоо.

“Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос О.Тэмүүлэнд 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 150,0 сая төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 80,0 сая төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 70,0 сая төгрөг буюу нийт 300,0 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь холбогдох этгээдүүдийн тайлбар, санхүүгийн баримтуудаар нотлогдсон байна.

Нийслэлийн Татварын газраас ирүүлсэн баримтаар “Херо энтертайнмент групп” ХХК нь 2024 онд нийтдээ 265,8 сая төгрөгийн татвар төлсөн, 2024 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 6,2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, татвар төлөхийн өмнөх ашиг 4,1 тэрбум төгрөг болохыг тус тус тайлагнасан нь баримтаар тогтоогдож байна.

“Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Б, иргэн А.А нарт холбогдох асуудалд тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

ХЭҮК: Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх уриалгыг гаргалаа
ХЭҮК: Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх уриалгыг гаргалаа
 
Ногоон байгууламж хариуцсан ажилчдын цалинг 3-3.5 сая төгрөг болгон нэмэгдүүллээ
Ногоон байгууламж хариуцсан ажилчдын цалинг 3-3.5 сая төгрөг болгон нэмэгдүүллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.