Б.Мөнхтамир: “Цар тахал үргэлжилсэн тохиолдолд карго нислэгээ үргэлжлүүлэхээр тооцсон“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мөнхтамир: “Цар тахал үргэлжилсэн тохиолдолд карго нислэгээ үргэлжлүүлэхээр тооцсон“

/2021.12.01/

“МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагааны талаар тавьсан” асуултын хариуг хэлэлцэв

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нар “МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагааны талаар” асуулт тавьсан бөгөөд үүний хариуг өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т гишүүний асуултын хариуг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх дэгийн талаарх зохицуулалтыг тусгасан байдаг. МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагааны талаар Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд танилцууллаа.

Монгол Улс 2021 оны тавдугаар сараас коронавирусын халдварын эсрэг дархлаажуулалтыг харилцан хүлээн зөвшөөрсөн зарим улс оронтой харилцан агаарын хилээ нээсэн хэдий ч олон улсын нислэгийг тогтворжуулах, хэвийн горимд шилжүүлэх нь цар тахлын нөхцөл байдал, гадаад улс орнуудын халдвар, хамгааллын горим, дархлаажуулалтын явцаас үүдэн удаашралтай байгааг танилцуулгын эхэнд тэмдэглэв. Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны судалгаагаар 2020 он болон 2021 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд агаарын тээврийн салбар уналтад орсонтой холбоотой гадаад улс орнуудын Засгийн газар өөрийн орны агаарын тээврийн салбарыг дэмжих, сэргээх зорилгоор нийтдээ 243 тэрбум ам.долларын санхүүжилт хийсэн байна. Манай Засгийн газрын тухайд, 2020 оны “Агаарын тээврийн салбарт авах зарим арга хэмжээний тухай” 137 дугаар Засгийн газрын тогтоолоор олон улсын болон орон нутгийн чиглэлд хуваарьт нислэг гүйцэтгэж буй дотоодын агаарын тээвэрлэгчдийн ИНЕГ-т төлөх навигацын хуримтлагдсан өглөг болох 2.2 тэрбум төгрөг, 2018 оны төрийн өмчийн ногдол ашгийн өглөг 7.3 тэрбум төгрөгийг чөлөөлүүлж, 2019 оны цэвэр ашгийн дүнгээс төрийн өмчийн ногдол ашиг хуваарилаагүй байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар МИАТ хувьцаат компанид мөнгөн дүнгээр 9.5 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Засгийн газрын 2021 оны “Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай” 162 дугаар тогтоолоор цар тахлын улмаас уналтад орсон агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарыг харилцан уялдаатай хөгжүүлэх, агаарын харилцааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахаар шийдвэрлэсэн. Зам, тээврийн хөгжлийн яамнаас бодлого, зохицуулалтын дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа гэв. Нэн тэргүүнд МИАТ хувьцаат компанийн нислэгийн сүлжээг өргөжүүлэх, агаарын харилцааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулах ажлыг хийж 2021 онд Улаанбаатар-Сөүл, Улаанбаатар-Хонгконг чиглэлийн нислэгийн давтамж, багтаамжийг нэмэгдүүлжээ. Ирэх 2022-2023 онд Сөүл, Токио, Москва, Эрхүү, Бээжин, Хөххот чиглэлийн нислэгүүдийг тогтворжуулж, 2019 оны түвшинд хүргэх, МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн хувьд Шанхай, АНУ-ын Сиэтл хотын чиглэлд шинээр нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа аж.

Агаарын тээврийн өнөөгийн нөхцөл, цар тахлын улмаас үүсээд буй санхүүгийн хүндрэл, тулгамдаж буй асуудлыг судлан тогтоож, салбарын үйл ажиллагааг сэргээн тогтворжуулах, агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадвар, санхүүгийн байдлыг сайжруулах бодлого, зохицуулалтын арга хэмжээний саналыг боловсруулж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай хамтран ажиллаж байгааг төрийн нарийн бичгийн дарга С.Батболд танилцууллаа.

Түүнчлэн нислэгийн зардлын ихэнх хувийг эзэлдэг агаарын хөлгийн шатахууны үнийг төрийн зохицуулалттай бууруулах, шатахуун хангамжийн гидрант системийг ашиглах, зардлыг зохицуулах асуудлыг төрийн өмчийн “Эрчис Ойл” компанид хариуцуулан ажиллуулах бэлтгэлийг хангаж байгаа гэв. Өнөөгийн байдлаар шатахуун хангамж, байгууламжийн ашиглалтыг ИНЕГазар хариуцаж, 2021 оныг дуустал 1.8 тэрбум төгрөгийн алдагдалыг хариуцаж байгаа юм байна.

МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн Засгийн газрын нөөц сангийн алдангийн үлдэгдэл болох 989.7 сая төгрөгийн өглөг, ИНЕГазар, түүний харьяа байгууллагуудад төлөх нисэх буудлын болон агаарын навигацын үйлчилгээний хураамжийн хуримтлагдсан өглөг болох 9.27 тэрбум төгрөгийг тус тус чөлөөлүүлэхээр ажиллаж байгааг танилцуулгад дурдсан.

Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболдын танилцуулсан МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагааны талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Х.Ганхуяг, Х.Булгантуяа, Ж.Ганбаатар, М.Оюунчимэг нар асуулт асууж, ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм.

Ирэх оны агаарын тээврийн салбарын төлөвлөгөө, төслийн талаарх гишүүдийн асуултад “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б.Мөнхтамир хариулахдаа:

“Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо тандалт, судалгааныхаа дүнд агаарын тээврийн салбар цар тахлын дараа 2019 оны хэмжээнд эргэн очих боломжит хугацаа нь 2023 оны зун гэдэг мэдээллийг танилцуулсан. Энэ дагуу МИАТ ирэх оны дөрөвдүгээр улиралд агаарын тээврийн салбарын үйл ажиллагаа огцом эрчимжинэ хэмээн тооцож үйл ажиллагааныхаа төлөвлөлт, төсөөллийг боловсруулсан. Гэхдээ цар тахлын нөхцөл байдал үргэлжилж, зорчих урсгал нэмэгдэхгүй байх тохиолдолд нөөц төлөвлөгөө хэлбэрээр карго нислэгээ үргэлжлүүлэх хувилбарыг тооцоолсон байгаа” гэв. Тус компанийн дөрвөн онгоц 2020, 2021 оны хугацаанд карго нислэг үйлдэж байгаа аж.

Санхүүгийн нөхцөл байдлын талаар лавласан гишүүдийн асуултад хариулахдаа, компани 2017, 2018, 2019 онуудад 35-52 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт ногдол ашиг, ЭМДаатгалын шимтгэл, ААНОАТатвар гэх зэрэг татваруудаар 18-30 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлж байжээ. 2020 оны хоёрдугаар сараас бүх нислэг зогссон, компанийн мөнгөн урсгал тухайн ондоо 58 тэрбум төгрөгийн алдагдалтай, 2021 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 52 тэрбум төгрөгийн алдагдалтай гарах төлөвтэй байгаа аж. Өнөөдрийн байдлаар хүлээгдэж буй 51.3 тэрбум төгрөгийн төлбөр байгаа аж. Нийт 5 онгоцтой, үүнийг 1 нь үйл ажиллагаанд огт ашиглагдахгүй байгааг ажлын хэсэг тайлбарласан. Ашиглаж буй онгоцнуудын нэгийг 2013 онд Засгийн газрын баталгаат зээлээр худалдаж авсан бөгөөд үүний төлбөр 2023 онд дуусах төлөвлөгөөтэй байгаа аж. Одоогоор 12 сая ам.долларын төлбөр бий гэв. Үлдсэн гурван онгоц түрээсийн зардалын талаар тодорхой мэдээлэл өгсөн. Б.Мөнхтамир захирал ажлаа хүлээн авснаас хойш онгоц түрээсийн зардлыг бууруулах чиглэлээр ажиллаж, тодорхой үр дүнд хүрээд байгаагаа дуулгасан.

Агаарын тээврийн салбар дахь хувьчлал, МИАТ хувьцаат компанийн засаглалын менежментийн талаар лавласан гишүүдийн асуултад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл хариулт өгсөн юм. Засгийн газраас төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээрх тогтоолыг гаргахаар ажиллаж байгаа аж. Төрийн өмчит компаниудыг бүрэн төрийн мэдэлд байх, өөрчлөн байгуулагдах, бүтцийн өөрчлөлт хийх болон татан буулгах гэсэн ангилалд хуваах аж. Энэ тогтоолын хүрээнд МИАТ хувьцаат компанийг бүрэн төрийн мэдэлд байлгаж байгаад Засгийн газар, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн, холбогдох шийдвэрүүдийг гаргуулсны дараа төрийн өмч давамгайлсан, олон нийтийн хяналтат IPO гаргахаар төлөвлөж байгаа гэв. Үүний бэлтгэл ажил болгож газрын болон техникийн үйлчилгээ хариуцаж байгаа хэсгийг охин компани болгон бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөөд байгаа аж.

Ийнхүү Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нараас “МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагааны талаарх асуулт"-ын хариуг хэлэлцэв. Үүгээр Байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

Эх сурвалж: Монгол Улсын их хурал

Д.Сумъяабазар: Соёлын яамны гол түшиц газар бол нийслэл
Д.Сумъяабазар: Соёлын яамны гол түшиц газар бол нийслэл
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.