/2021.11.29/: Ням гарагийн үүрээр Перугийн хойд хэсэгт урьдчилсан байдлаар 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, зарим байшин барилга эвдэрч, хэд хэдэн зам нурангид дарагдсан байна.
Газар хөдлөлт нь маш хүчтэй байсан ч харьцангуй гүн буюу 112 км (70 миль) хэмжигдсэн бөгөөд энэ нь ихэвчлэн хохирол, хохирогчдын магадлалыг бууруулдаг байна.
Газар хөдлөлт өглөөний 05:52 цагт (1052 GMT) болсон бөгөөд голомт нь Барранка хотоос баруун хойд зүгт 42 км (26 миль) зайд орших Амазон мужид байв. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр энэ нь 7.5 магнитудын хүчтэй байжээ.
Амазоны бүс нутгийн Ла Жалка дүүрэгт 16-р зууны үеийн сүмийн нэг хэсэг нурж, гурван хүн хөнгөн шархадсан гэж хотын дарга Уолтер Кулки Перугийн RPP радиод мэдэгдэв.
Перугийн Амазонас, Кажамарка мужид унасан чулуунууд хэд хэдэн хурдны замыг хааж, чичиргээ нь нийслэл Лима хотод бараг 800 км (500 миль) зайд мэдрэгдэж, зарим хүмүүс гэрээсээ гарцгаасан байна.
Хөрш зэргэлдээ Эквадор улсын Ложа хотын нэгэн сүм мөн хэсэгчлэн эвдэрсэн байна. Мөн чичиргээ Колумб, Бразилийн зарим хэсэгт мэдрэгдсэн байна.
Дэлхий дээрх газар хөдлөлтийн 85% нь болдог Номхон далайн галт цагирагт оршдог Перу улсад газар хөдлөлт ихэвчлэн тохиолддог.
Эх сурвалж: abcnews