/2021.11.17/ Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан эхэллээ. Хуралдаанд аймгийн Засаг дарга нар болон Засгийн газрын гишүүд, Хотын дарга оролцож байна.
Замын-Үүд, Гашуунсухайт боомт, хил дээр үүсээд буй нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан тайлбар өглөө.
Тэрбээр, "Сүүлийн 3 хоног Эрээнд ковид-19 халдварын тохиолдол бүртгэгдсэнгүй. Хэрэв тус бүсэд халдвар илрэхгүй 20 хоносон тохиолдолд хилээ түр нээж, гацсан бараа материалуудыг татаж авахаар тохиролцсон.
Замын-Үүд боомтод тээвэр хийдэг жолооч нарын хувьд бага зэрэг бухимдалтай байна. Гэхдээ боомт дээрх жолооч нарын асуудал гэхээс илүү 3 сая иргэний бараа материал, хүнсний ногоо татаж авах том эрх ашгийн асуудал юм. Тиймээс БНХАУ-ын талаас тавьсан саналын дагуу энэ асуудлыг шийдвэрлэхээр болсон.
Гашуунсухайт боомтын хувьд нэг үеэ бодвол тээвэрлэлтийн нөхцөл байдал жигдэрч байна. Чингэлэг терминалын туршилтын ажил амжилттай болж, өнөөдрөөс юм уу, ирэх долоо хоногоос үндсэн тээвэрлэлтээ хийж эхэлнэ. Өдөрт 500-600 тээврийн хэрэгслээр нүүрс зөөж байгаа.
Шивээхүрэн боомт ковидын улмаас хил түр хаасан нөхцөл байдалтай байна. Ирэх онд түүхий эдийн экспортоо нэмэгдүүлнэ гэсэн зорилт тавьж ажиллаж байна" гэв.