/2021.11.16/ Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч энэ оны дөрөвдүгээр сард харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан.
Уг хэргийг Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж өнөөдөр шийдвэрээ гаргажээ. Тодруубал,
Шүүхээс шүүгдэгч О.Хатантэнгисийг “хүний амийг хөнөөсөн" гэмт хэрэг үйлдсэн, мөн шүүгдэгч Т.Мөнгөншагайтай бүлэглэн “Цэргийн албанаас оргон зайлах”, “Цэргийн албан хаагч өөрт нь итгэмжлэн хариуцуулсан галт хэрэгслийг гээгдүүлсэн”, “Монгол Улсын хил хамгаалах манааны бүрэлдэхүүнд орсон цэргийн албан хаагч хил хамгаалах хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмыг зөрчих” гэмт хэрэг үйлдсэнд тооцож 11 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин шүүгдэгч Т.Мөнгөншагайг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн, “Байлдааны тоног төхөөрөмжийг санаатай эвдэж, “Монгол улсын хил хамгаалах манааны бүрэлдэхүүнд орсон цэргийн албан хаагч хил хамгаалах хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмыг зөрчих” гэмт хэрэг үйлдсэнд тооцож зорчих эрхийг нэг жил хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн байна.