/2021.11.05/: Өнөөдөр Монгол-Орос хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой тохиож байна.
Үндэсний ардчилсан хувьсгалын их ялалт нь араасаа ах дүүгийн найрамдалт харилцааг дагуулж, манай хоёр улс 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр албан ёсоор дипломат харилцаа тогтоосон. Түүхт ойн энэ өдөр ОХУ-ын Холбооны хурлын холбооны зөвлөлийн орлогч дарга Константин Иосифович Косачев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Өнгөрсөн зуун жилд боловсрол, шинжлэх ухаан, соёл, эдийн засаг, барилга, хот төлөвлөлт гээд бүхий л салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн, хүнд бэрх цаг үед харилцан дэмжлэг үзүүлж, найрсаг хөршийн харилцааг улам бэхжүүлсээр ирсэн билээ. Уулзалтын үеэр хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа болон худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов.
Уламжлалт сайн харилцааг эдийн засгийн салбарт эрчимжүүлэхийн тулд тарифын болон тарифын бус хориг, саадыг багасгах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, найрамдлын бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэрэг санаачлагуудыг талууд дэмжлээ. Хоёр орны хооронд гадаад худалдааны эргэлтийг сайжруулж, экспортыг нэмэгдүүлэхэд парламентын зүгээс харилцан дэмжиж ажиллахын тулд Москвад дараагийн уулзалтыг товлоход бэлэн байгаагаа ноён Константин Иосифович Косачев илэрхийлж байлаа.
Тэрээр парламент хоорондын хамтын ажиллагааны механизмыг байгуулах ажлыг эрчимжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа дурдаж, ирэх 12-р сард болох Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулга уулзалтаар дэвшүүлэх багц асуудлуудыг танилцуулав. Өнгөрсөн хугацаанд хамтдаа туулсан түүхэн замнал, өнөөгийн түвшинд хөгжүүлсэн найрамдалт харилцаа, ирээдүйд илүү өргөжүүлэх эдийн засгийн хамтын ажиллагааны илүү өргөн боломж, нөөц байгааг өнөөдрийн уулзалтаар хоёр орны төлөөлөгчид санал нэгтэй онцлоллоо.