/2021.11.05/: Их эзэн богд Чингис хаан мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөр Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-н өнөөдөр тохиож байна.
Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй эрхмүүд Их эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр мөн Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэв.
Их эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Бид үүх түүхээ маш сайн мэддэг байх ёстой. Эзэн Чингис хааны үе, Хүннүгийн үе болоод Их Монгол Улсын унаж, босож, сэргэн мандсан үүх түүхээ мэддэг байх хэрэгтэй. Төрийн зүгээс ч Монгол бахархлын өдрийг бэлгэдэн ерөөж, тэмдэглэн өнгөрүүлдэг. Эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдрийг төрт ёсны баяр болгон, хүндэтгэл үзүүлж байгаадаа баяртай байна” хэмээн ярилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний зарлигаар Их эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын багийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгосон. Ийнхүү билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-н хэмээн тогтоон, уг өдрийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэх болсон. Үүнээс хойш жил бүр Монгол бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлсээр ес дэх жилтэйгээ золгож байгаа юм.
Эх сурвалж: НЗДТГ